Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
“Агуу өрсөлдөгчид” София Ротару, Алла Пугачева

“Агуу өрсөлдөгчид” София Ротару, Алла Пугачева

Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр
София Ротару, Алла Пугачева хоёрыг бараг нас чацуу гэхэд болно.. Гэхдээ Ротару, Аллагаас түрүүлж Оросын эстрадын урлагт орж ирсэн юм. Тэр зүгээр нэг дундаж, хэнд ч анзаарагдахааргүй дуучин байсангүй. Далайн давалгаатай зүйрлэх юм бол маш хүчтэй түрсэн, намжихааргүй “давалгаа” байлаа. Төд удалгүй Алла Пугачева гэсэн нэгэн шинэ дуучин эстрадын урлагт өөрийгөө тунхаглан зарлалаа. Энэ үеэс хүч тэнцүү хоёр дуучин эмэгтэйн эцэс төгсгөлгүй өрсөлдөөн эхэлсэн гэдэг. Үүнтэй зэрэгцэн олны дунд дуучин хүүхнүүд уран бүтээлээрээ төдийгүй хувийн амьдралаараа ч хэн нэгнээсээ илүү гарахыг хичээдэг гэсэн цуу яриа дэгдсэн байна. Тэднийг шүтэн бишрэгчид нь “Агуу өрсөлдөгчид” гэж тоглоомоор хэлдэг.
Алла уулнаас бууж буй хүрхрээ шиг бол София намуухан тасралтгүй урсах мөрөнтэй адил
Алла өөрийгөө цэвэр орос гэдгээрээ бахархдаг. Түүний бага нас бум бужигнаж, түм түжигнэсэн том хот Москвад өнгөрсөн. Соня буюу София бол арай өөр. Тэр жижигхэн тосгонд төрж өссөн хүн. Соня хуучин Румыний Маршинцы тосгонд төржээ. Энэ тосгон хожим ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украиных болсон юмсанж. Сонягийн аав ээж нь молдав хүмүүс болохоор Ротару гэсэн овогтой аж. Түүний аав ээж нь хамтралын усан үзмийн талбайд ажилладаг байжээ. Ротаругийнхан зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл байв. Тэдний хоёр дахь охин сэргэлэн хөдөлгөөнтэй Соня нь хөнгөн атлетикаар хичээллэн спартакиадад оролцон гүйлтийн аварга хүртэл болж байжээ. Соня ээж аавынхаа үгнээс гардаггүй дуулгавартай сайн охин байсан бол Алла эрэгтэй хүүхдүүдээс дутахгүй гэдгээ харуулахын тулд 13 настайдаа тамхи татаж, хэнд ч мөчөөгөө өгөхгүйн тулд тэдэнтэй гар зөрүүлж хүртэл үзжээ. Гэхдээ Аллаг хэн ч хөөрхөн охин гэдэггүй байв. Соняд түүн шиг тэмцэгч чанар байгаагүй хэдий ч аажуухнаар санасандаа хүрдэг байсан аж. Ротаругийн алдарт хүрэх зам сайн дурын уран сайхнаас эхэлжээ. Нэг удаа Софиягийн зураг “Украина” сэтгүүлийн гадна хавтсанд нийтлэгдсэн байна. Уг сэтгүүлийн зургийг цэргийн алба хааж байсан 23 настай украин залуу Анатолий Евдокимеко олж авч хадгалсан юмсанж. Энэ үед хөгжмийн сургуулийн оюутан София Ротару санамсаргүй “Эмо” хамтлагийнхантай тааралджээ. Анатолий түүнд “Эмо” хамтлагийн гоцлол дуучин болох санал тавихад бүсгүй зөвшөөрсөн байна. Тэгэхэд Алла юу хийж байв? Соня аравдугаар ангиа төгссөн бол Алла наймдугаар ангиа төгсөнгүүтээ Ипполит –Ивановын нэрэмжит хөгжмийн дунд сургуульд оржээ. Хөгжмийн дунд сургуульд сурч байхдаа Алла тамхи татдаг муу зуршлаа орхисонгүйгээр үл барам дээр нь нэмээд шар айраг, дарс хүртдэг болжээ. София Ротару Анатолий Евдокименко хоёр улам дотносч, нэгэн сайхан өдөр гэрлэхээр шийдсэнээ нийтэд мэдэгджээ. Тэд хуримаа хийж, 35 жил хорвоог хамтдаа туулжээ. Харамсалтай нь Евдокименко 2000 оны эхээр өвчний улмаас нас барж, София бэлэвсэрсэн юм. Аллагийн хувийн амьдрал Софиягийнхаас тэс өөр гэдгийг бүгд мэднэ. 1968 онд София Ротару Болгарт болсон Дэлхийн Залуучууд оюутны IX наадамд оролцож, алтан медаль хүртсэн байна. София өдрөөс өдөрт алдаршиж байв. Харин 1968 оны тэр зун Алла шалгалтан дээрээ “бүдэрчээ”. Тэрээр онолын шалтгалтаа сайн өгсөн боловч дуулаачийн ур чадварыг нь шалтгалтын комиссын дарга “Хэтэрхий эстрад тал руу хэлбийсэн байна. Ийм байдлыг Зөвлөлтийн сургууль гаргах ёсгүй” гэж шүүмжилсэн байна.
Харин үзэсгэлэнтэй, намуун дөлгөөн София Ротару “Червона рута” хамтлагийн гоцлол дуучин болов. Хожим София Ротару “Миний цагаан хот” дуугаар Болгарт жил бүр болдог “Золотой Орфей” олон улсын эстрадын дууны наадамд оролцож тэргүүн байрын шагнал хүртжээ. Энэ явдлаас хойш хэдхэн жилийн дараа Алла Пугачева “Арлекино” дуугаараа “Золотой Орфей” наадмын гран при шагналыг авсан байна. “Арлекино” дуу Аллагийн нэрийн хуудас болж, дуучин ч өөрөө Оросын эстрадын урлагийн тодоос тод гялалзсан од гэж нийтэд хүлээн зөвшөөрөгджээ. Тэр үеийн нэгэн сэтгүүлд Аллагийн дуулахыг уулнаас бууж буй үзэсгэлэнт хүрхрээ шиг, Софияг намуухан тасралтгүй урсах мөрөн шиг гайхамшигтай хэмээн бичсэнээр энэ хоёр нэгэн цаг үеийн гайхалтай дуучдыг өөр хооронд нь сөргүүлэх эхлэлийг тавьсан гэх нь бий. Тэд нэгэн улс оронд амьдарч байсан хэдий ч хоёр өөр газар дуулж ирсэн хүмүүс. Тэдэнд хэн нэгэндээ мөчөөрхөх зав зай ч байгаагүй билээ. Гэхдээ тэднийг яагаад ч юм бэ мөнхийн өрсөлдөгчид гэж үздэг болсон гэдэг. Нэг удаа София Ротару “Надаас сурвалжлагчид бараг 40 шахам жил Аллатай ямар харилцаатай байдаг вэ гэж асуулаа. Бид жирийн харилцаатай хүмүүс” гэсэн нэгэн хэвийн хариулт өгсөөр удлаа гэж хэлжээ. Тэд анх телевизийн шинэ жилийн ”Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэгт оролцохдоо танилцсан гэдэг. Нэвтрүүлгийн үеэр Алла “Би зүс царайгаараа хүнийг өөртөө татаж үзээгүй. Зарим хүн шиг үзэсгэлэнтэй гэж магтуулж яваагүй. Надад байгаа ганц юм миний хүчирхэг хоолой” гэж хэлжээ. Энэ үеэр тэр тухайн үед хит болж байсан “Хаад бүгдийг чадна” гэсэн дуугаа дуулжээ. Харин София Ротару “Хунгийн үнэнч сэтгэл” алдарт дуугаа дуулж, “Би тосгоны хүн болохоор шинэ содон юмыг хожуу сонсож хүлээж авдаг байсан” гэсэн утгатай зүйл ярьсан аж. Эдгээр яриаг хүмүүс өөр өөрийнхөө ойлголтоор элдэв хачиртай тайлбарласан гэдэг. Он жил алсран холдсон ч, нэгэн цаг үеийн хоёр алдарт дуучин олны анхаарлын төвд байсаар байна.
Мөн гадаадын аялан тоглолтонд оролцох дуучдын жагсаалт дунд Софиягийн нэр байгааг харангуутаа Алла түүнтэй цуг явахгүй гэдгээ шулуухан хэлчихжээ. Ротаруд энэ бүгдийг хэлэх “сайхан сэтгэлтэн” дорхноо олдолгүй яахав. Түүний зүгээс болсон бүхэнд хүлээцтэй тэвчээртэй хандахад нөхөр нь тусалдаг байж. Нөхрийнхөө зөвлөснөөр нэг хэсэг София Ротару Москва, Ленинград зэрэг хотод болсон том тоглолтонд оролцохоо байсан гэдэг.
Алла өөрөө элдэв ааш гаргаад зогсохгүй бусдыг Софиягийн эсрэг тухирч иржээ. Тийм болохоор София Ротару нэг хэсэг усанд унасан чулуу шиг чимээгүй нам гүм байсан гэдэг. Гэхдээ гадаадад хийх аялан тоглолтоо зогсоосонгүй. Тэрнийг нь Алла ч тоосонгүй. Түүний нүдэнд София харагдахгүй л байх нь чухал байсан бололтой. Гэвч цагийн аясаар хоёр дуучин эвлэрсэн байна. Эвлэрэх анхны алхамыг Алла Пугачева хийжээ. 2006 онд залуу дуучдын дунд Юрмалад болдог “Новая волна” тэмцээний үеэр Пугачева бага зэрэг чичирсэн хоолойгоор София Ротаруг тайзнаа гарч ирж байгааг зарлахдаа түүний тухай магтаалын олон сайхан үг хэлжээ. Үүний дараа София Алла руу шууд чиглэн ирж, түүнийг тэврэн, магтаалын үг хэлсэнд нь талархаад дуулж эхэлсэн гэдэг. Ротаруг дуулж дууссаны дараа Алла түүнд “Чи хамгийн шилдэг нь” гэсэн бичигтэй цэцгийн баглаа бэлэглэжээ. София Ротару үүний хариуд Аллаг 60 насныхаа ойд урихаа мартсангүй. Алла ч түүний төрсөн өдрийн баярт оролцон Софияд 100 мянган долларын үнэтэй гоёлын зүүлт бэлэглэжээ. Хожим Алла Пугачева “Дайсагнасан он жилүүдийн хооронд бид дуу хөгжмийн урлагт хамтдаа их зүйл хийж болох байсан. Харамсалтай нь цаг хугацааг дэмий үржээ” гэж хэлжээ. Дараа нь тэд хамтдаа дуулаад зогсоогүй Алла товшуур бүжиг бүжиглэж цугларсан олныг гайхшруулсан гэдэг. Тэр үеэс хойш София Аллагийн ойн тоглолтонд оролцож, төрсөн өдрийн баярт нь уригддаг болсон юм. София, Алла хоёр хөгжмийн урлагт авьяас чадлаа зориулснаасаа хойш даруй 50 шахам жилийг ардаа орхижээ. Энэ бол хэн нэгнийг чин сэтгэлээсээ хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөрхөд хангалттай урт хугацаа юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mnbvc
Монголд сараа ариунаа хоёр...
Өчигдөр - 176.66.87.78