Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
ТӨСӨВ: Ирэх онд нийт орлого 19.6 их наяд, зарлага 20.3 их наяд төгрөг байхаар тооцжээ

ТӨСӨВ: Ирэх онд нийт орлого 19.6 их наяд, зарлага 20.3 их наяд төгрөг байхаар тооцжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-09-27 15:47:00

Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна. 

Ирэх оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцоолсныг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн турш хэрэгжихээрээ онцлог бөгөөд энэ хүрээнд НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм. 

Тухайлбал,

  • урсгал зардлаас 536.5 тэрбум
  • хөрөнгийн зардлаас 424.4 тэрбум
  • гадаадын зээл тусламжаас 11 тэрбум төгрөг гэх зэргээр хэмнэх юм байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүнд урсгал болон суурь зардлыг огт нэмэхгүй байхаар тусгаснаас гадна урсгал зардлыг 204 тэрбумаар бууруулсан. Энэ бол зоригтой тоо. Жил бүр 10-20 хувь нэмэгддэг хандлагыг уг хуулийн дагуу өөрчилж, өсөлтийг зогсоолоо" гэв. 

Мөн ирэх оны төсөвт зайлшгүй нэмэгдэх урсгал зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулах юм байна. Үүнийг тэтгэвэр, цалингийн тогтолцооны шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, боловсролын салбар дахь тэтгэмж зэрэгт зарцуулна. 

Төсвийн зарлага ямар байх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин өмнөх онуудаас шилжсэн төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг танилцуулгын үеэр онцолсон. Зардлуудын тухайд 

  • урсгал болон бусад зардал - 11.9 их наяд
  • хүүхдийн мөнгө - 1.4 их наяд
  • өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалт, боловсролын тоног төхөөрөмж - 2.5 их наяд
  • нийслэлийн түгжрэл бууруулах арга хэмжээнд -  420 тэрбум
  • Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахад - 68.5 тэрбум зэргээр тусгажээ.
Ирэх оны төсвийг Сангийн яамны боловсруулснаар, ямар нэг өөрчлөлтгүйгээр баталбал тэнцвэржүүлсэн орлого 18.5 их наяд, нийт зарлага 20.3 их наяд, ойролцоогоор 1.8 их наядын алдагдалтай байх бөгөөд энэ нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээ юм.

Түүнчлэн төсвийг ингэж баталснаар ирэх оны эдийн засгийн өсөлт 5%, инфляц 10 ба түүнээс доош хувь руу буух тооцооллыг Сангийн яам хийжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,

  • 2020 онд 4.4 их наяд 
  • 2021 онд 3.6 их наяд
  • 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байв.
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-09-27 15:47:00

Сэтгэгдэл бичих