Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Ч.Ундрам: ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж, бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна

Ч.Ундрам: ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж, бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-07-06 10:32:37

Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд буюу гэр, сургууль, ажлын байр, нийтийн тээвэр, автомашинд өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчны агаар цэвэр, агааржуулалт сайтай байх нь чухал. Монгол улсад дотоод орчны агаарын чанар шаардлага хангахгүйгээр барахгүй хорт хавдар үүсгэдэг, эрүүл мэндийн хохирол учруулж улмаар урагт нөлөөлөх хэмжээний бохирдолтой байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
 
2016 оноос эхлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-аас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, өрхийн дотоод орчны агаарын чанарын судалгааг хэд хэдэн удаа хэрэгжүүлэхэд формальдегид, бензол, толуол, этилбензол, м-п ксилол, о-ксилол зэрэг дэгдэмхий органик нэгдлийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлттэй байгааг тогтоожээ. Олон улсын хавдар судлалын агентлагаас бензол, формальдегид зэрэг дэгдэмхий органик нэгдлийг 1-р бүлгийн буюу хавдар үүсгэдэг нь нотлогдсон бодисын ангилалд оруулсан байна.
 
сонин mn
 
Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байна. 2021 оны байдлаар 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэнээс 115 нь 0-19 насны хүүхдүүд байна. Нийт 24,141 хүн хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаагаас 456 нь хүүхдүүд байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын 2 дахь шалтгаан болж байна.
 
Хорт хавдрын өвчлөлийн үндсэн шалтгаануудад хүнс, орчны бохирдол зүй ёсоор орно. Орчны бохирдолд дотроо Дотоод орчны бохирдол бидний анхаарах ёстой эн тэргүүний асуудал юм.
 
Дотоод орчны бохирдолтой холбоотой хууль эрх зүйн актуудыг авч үзвэл Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т. Хот суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна; 5.5-д “Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заажээ. Үүний дагуу 2018 онд хоёр яамны сайд “Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай” А/05, А/08 дугаар хамтарсан тушаал баталж хавсралтаар нь барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, барилгын материалаас дотоод орны агаарт ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж өгсөн. Үүнд нийт 98 төрлийн хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан боловч эдгээрийг бүрэн шинжилж шалгадаг лаборатори манай улсад байхгүй. Харин 6 төрлийн хамгийн хортой гэгдэх формальдегид, бензол, толуол, этилбензол, м-п ксилол, о-ксилолын агуулгыг ISO 16000-9, NIOSH 1501, NIOSH 3500 аргуудын дагуу спектрофотометр болон хийн хроматографийн аргаар тодорхойлдог “Ногоон титэм” гэж хувийн ганц компани л байна. Тус лабораторийн хүчин чадлаар НЭМҮТ өмнөх судалгаануудаа хийж аймшигтэй үр дүнгүүдийг тайлан болгон хэвлэсээр байсан.
 
сонин mn
 
Формальдегид (CH2O) нь хавдар үүсгэх 2-р, хотой бодисын 3-р, арьс мэдрэгжүүлэгчийн 1-р бүлгийн, Бензол нь (C6H6) хавдар үүсгэгчийн 1А, үр удамд нөлөөлөгч бодисын 1В, олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис 1, амьсгалахад хортой бодис 1, нүд хүчтэй гэмтээгч ба цочроогч бодис 2-б бүлгийн, Толуол (C7H8) нь нөхөн үржихүйд хортой 2, амьсгалахад хортой 1, олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис 2, арьс үрэвсүүлэгч ба цочроогч 2, нэг удаагийн нөлөөллөөр эрхтэн системийг хордуулдаг бодис 3-р бүлгийн дэгдэмхий органик нэгдлүүд юм. Ийм аймшигтай хортой бодис бүхий барилгын материалаар барьсан эсвэл зассан байшинд бид үр хүүхдүүдтэйгээ амьдарч, сурч, ажиллаж, амаржиж, эмнэлэгт эмчлүүлээд сууж байдаг учраас хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна.
 
БНХАУ нь сүүлийн 20 жилийн хугацаанд барилгын материалын чанарын тоон үзүүлэлт болон стандартуудаа сайжруулсаар одоогийн байдлаар Европын холбооны стандартуудтай дөхөж очоод байгаа. Чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалууд нь БНХАУ-ын дотоодын зах зээл шахагдаад хөрш зэргэлгээ чанар стандартын шаардлагатай багатай эсвэл хяналт байхгүй орнууд болох Киргиз, Непал, Бангладеш зэрэг хөгжиж байгаа орнуудын зах зээлд нэвтрэн иргэдийг хохирож байна. Манай улсын барилгын материалын ихэнх (90% тодруулах) хувийг БНХАУ-аас импортлодог.
 
Дээрх тоо баримттай танилцсан учраас миний бие хэсэг нөхдийн хамт Дотоод орчны агаарын чанарын холбоо ТББ-ыг 2019 онд үүсгэн байгуулж ажиллаж эхэлсэн. Бид гадаа агаар бохирдолтой байна гээд талбай дээр жагсаад төр засагтаа гомдол илэрхийлээд, төр засаг маань ч их хэмжээний мөнгийг зарцуулаад зарим нь амжилттай, зарим нь байгаа оноогүй шийдвэрүүдийг гаргасан байдаг хэрнээ дотоод орчны агаарын чанарын асуудлаар бодлого боловсруулах түвшинд хэн ч ярьдаггүй байв. Гэтэл дотоод орчны агаарын бохирдол бидний үр хүүхэд, гэр бүлийг аажмаар хөнөөж байгаа юм. Дотоод орчны агаарын чанарын холбоо ТББ-аас сургалт, хэлэлцүүлэг, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх чиглэлийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хийж ирсэн. Миний бие 2020 оны 7 сард УИХ-д сонгогдон тангараг өргөснөөсөө хойш энэ асуудлаар БХБСайдтай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж Барилгын материалын стандартыг олон улсын түвшинд хүргэх, урд гааль дээр лаборатори байгуулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа билээ. УИХ-аас зохион байгуулж байгаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрт орлцогчдоос тус асуудлыг дэвшүүлсний үндсэн дээр Х.Булгантуяа нарын УИХ-ын гишүүдтэй хамтран “Хүний эрх эрх чөлөөг хангахтай холбоотой ерөнхий хяналтын сонсгол” явуулж дараах шийдвэрийн төслийг боловсруулаад байна.
 
сонин mn
 
Үүнд:
 
Социализмын үед баталсан барилгын стандарттайгаа өнөөдөр хүртэл явж байна. Гэтэл техник технологи хөгжиж, өөр төрлийн барилгын материалууд бий болж байна. Тиймээс энэ стандартыг ОУ-ын стандартад нийцүүлэх шаардлагатай. БХБЯ-нд ажлын хэсэг байгуулагдан БНХАУ-ын Барилгын материалын GB стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж, баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна.
Импортоор авч буй барилгын материалын 94.04%-ийг нь хортой эсэхийг шинжилдэггүй гэсэн албаны байгууллагын мэдээ байдаг боловч шинжилдэггүй. Барилгын материал нь бага эрсдэлтэй ангилалд ордог учраас бүрдүүлсэн материалтайгаа дүйцэж байгаа эсэхэд л хяналт тавьдаг. Гааль дээр энэ шинжилгээг хийх лаборатори нь ч байдаггүй.
Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд, хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай. Одоогийн байдлаар лабораторийн барилга барих 4 тэрбум төгрөг улсын төсвийн хөрөнгө оруулалтад тавиад барилыг ажил хийгдэж байна;
Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол, формальдигед агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд зөвшөөрөх түвшнээс дээш хэмжээгээр агуулсан барилгын материалуудыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах;
Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр бүрэн чадамжтай лаборатори байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох;
Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал, зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах, тус хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх;
Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах, цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг Улсын төсөвт тусгах;
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
 
Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийн агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зэх зээлд нэвтрүүлэх, иргэд, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх;
Ашиглалтанд болон шинээр завсар хийсэн барилгуудад итгэмжлэгдсэн тохиролын үнэлгээний байгууллагуудаар үнэлгээг тогтоож Европын холбооны ангилалзүйгээр ангилж зах зээлд нийлүүлэх (Жишээлбэл: А, Б, В зэрэг үнэлгээ барилгын чанар стандартаас хамааран үнэлэгддэг)
 
Шинээр ашиглалтанд орсон барилгуудын дотоод орчны агаарын чанар мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох талаар БХБЯ-тай зөвшилцөх.
Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт, дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох байгууллагууд хамтран байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулж ажиллах зэрэг орсон.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүн эрүүл аюулгүй оричнд амьдрах эрхтэй. Бид энэхүү хүний суурь эрхийг хангаж чадахгүй явж ирсэн байна. Үр хүүхэд, гэр бүл, улс үндэстнийхээ төлөө төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд хамтраад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
 
 
 
УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-07-06 10:32:37

Сэтгэгдэл бичих