Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Б.Жаргалсайхан: Ардын жүчигчин цол хүртэх мэдээг сонсох мөчид ч Хүүхдийн ордонд жүжгийн бэлтгэлтэй байж таарсан

Б.Жаргалсайхан: Ардын жүчигчин цол хүртэх мэдээг сонсох мөчид ч Хүүхдийн ордонд жүжгийн бэлтгэлтэй байж таарсан

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-19 14:57:00

Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.


-Та одоогоор драмын болон дэлгэцийн ямар уран бүтээлд ажиллаж байна, сүүлд “Нийслэл хүүхэн” ОАК-ны аавын дүрд тоглосон байсан?

-Тийм ээ, дэлгэцийн уран бүтээлийн хувьд “Нийслэл хүүхэн” олон ангит киноны аавын дүрд ажилласан. Харин Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч Б.Жаргалсайханы хувьд энэ он түүхэн жил байлаа. Учир нь Монголын орчин цагийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын 90 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд олон ажлын ард гарсны нэг нь зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан андгай” жүжигт Тоорил Ван ханы дүрийг бүтээх байлаа.

-Сүүлийн үед түүхэн сэдэвтэй кино олон хийгдэж байна. Эдгээр киноноос танд урилга ирж байна уу, эсвэл таны сэтгэлд нийцэхгүй байна уу?

-Түүхэн сэдэвт кино хийж байгаа залуусаас урилга ирж байгаа. Зураг авалтууд нь ихэвчлэн өвөл таарч, театрын үндсэн ажил их байгаа учир амжихгүй гэдэг хариу өгсөн. Би хувь хүнийхээ хувьд Драмын театртаа илүү хүч хөдөлмөр, цаг заваа шингээх зорилготой. Драмын урлагт тайз, үзэгч хоёрын хооронд амьд харилцаа үүсдэг учир их сайхан байдаг юм. Мөн уран бүтээлч хүний гол шалгуур, чадвар тайзан дээр харагддаг гэж боддог. Өдөр бүрийн бэлтгэл, хөдөлмөр шаарддаг тайзандаа илүү хайртай.

-Ард түмэн танаас “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасар шиг дүрийг л хүлээгээд байх шиг. Тэр кинонд Монголын алтан үеийн ихэнх жүжигчидтэй хамт тоглосон шүү дээ. Тухайн киноны зураг авалтын үеэр хэн хэнтэй нэг гэрт байрладаг байв?

-Москва хотын театр урлагийн дээд сургуулийн багш ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай хүн байлаа. Тэр хүний бидэнд үлдээсэн чадвар, сургасан эрдэм бүхэн Монголын хөрсөнд ахмад жүжигчдийн ур чадвартай хослоод өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 1987 онд сургуулиа төгсөж ирээд театрт жинхэнэ алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллаж байсандаа талархаж явдаг. Хөдөлмөрийн баатар агуу Г.Гомбосүрэн гуай, Ц.Гантөмөр гуай, Л.Жамсранжав гуай, З.Жарантав ах гээд л олон сайхан уран бүтээлчидтэй нэг тайзан дээр ажиллаж байлаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглохоос өмнө Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” кинонд тоглоход Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай, нэрт найруулагч Л.Эрдэнэбулган гуай, ардын жүжигчин Г.Равдан ах, дуурийн дуучин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай гээд л Монголын сор болсон уран бүтээлчидтэй нэг гэрт амьдарч байсан минь бас нэгэн олз байсан. Тэр чадварлаг, сайхан хүмүүсээс олон зүйл надад өвлөгдөж ирсэн. Жүжигчдээс гадна киноны ард ажиллаж байгаа зөвлөх, найруулагчид гээд баг хамт олны хэлж байсан бүхэн дараагийн уран бүтээл, амьдралд маань маш том сургамж болж үлдсэн. Тэдний хоорондын яриа, хандлага, камерын өмнө ажиллаж байгаа байдал бүхэн захиас мэт санагддаг байлаа.

-Монгол Улсын урлагийн салбарын хөгжлийг ямар түвшинд явж байна гэж харж байна?

-Урлаг гэдэг дуурь, драм, үндэсний урлаг гэх мэт өргөн цар хүрээтэй салбар. Харин би өөрийн сайн мэдэх драмын урлагийн тухай ярих нь зөв байх. Манай театр уламжлалаа дагаж яваа цорын ганц улсын театр. Тиймээс цаашид энэ уламжлалыг хадгалж, өвлүүлж авч явах ёстой. Үүнийг дагаад өөр төрлийн туршилтуудыг ч хийх хэрэгтэй. Театр маань хөгжиж байгаа. Гадны орны сонгодог, өөрийн орны орчин цагийн болон түүхэн хэлбэрийн жүжгүүдийг ард түмэндээ толилуулсаар байна. Уран бүтээлчид, найруулагчдын ур чадвар ч өссөөр байна. Хамгийн сүүлд Москвагийн Театр, урлагийн дээд сургуулийг төгсөөд ирсэн Э.Ёндоншарав гэдэг залуу найруулагчаар театрт ажиллаж байна. Хоёр, гурван жилийн өмнө залуу найруулагч М.Батболд мөн л Москвад төгсөж ирээд Монголынхоо тайзан дээр “Фауст” жүжгийг тайзнаа тавилаа гэх мэт улсын болон хувийн театруудын хооронд өрсөлдөөн бий болж байгаа нь сайн хэрэг. Энэ нь театрын хөгжил улам л урагшлахын дохио. Харин энэ өрсөлдөөн дунд нэгнийхээ ялгааг сайн мэддэг байх хэрэгтэй. Аль нэгийгээ үгүйсгэсэн, гоочилсон яриа байж болохгүй.

-Таны хувьд цахиур хагалах насны уран бүтээлч хэн байна вэ?

-Манай театрын хувьд жүжигчин С.Болд-Эрдэнийг үзэгчид хүлээн зөвшөөрч байна. С.Болд-Эрдэнэ өнөө цагийн театрын нэгэн том бие төлөөлөл, харин эмэгтэй жүжигчдээс Н.Баярмаа сүүлийн үед ард түмний анхаарлын төвд байна. Ер нь театр олон жилийн алсын хараатайгаар уран бүтээлчдийнхээ дүрд анхаардаг. Тэгж байж дараа дараагийн насны уран бүтээлчид гарч ирэх суурь тавигдана. Байнгын бэлтгэл, хөдөлмөрийн үр дүнд тухайн уран бүтээлч хэн болох вэ гэдэг нь тодорхойлогдох юм.

-Тэгвэл кино найруулагчдаас хэн байна?

-Мэргэжлийн жүжигчин, драмын найруулагч, кино найруулагч, киноны зураач, театрын зураач гэх мэт мэргэжилтнүүдийг тусгай бодлогоор гадны оронд бэлтгэх шаардлагатай болов уу. Драмын театрын хувьд ч ялгаагүй. Гучин хэдэн жилийн өмнө Москвагийн Театр, урлагийн дээд сургуулийг хамт төгсөж ирсэн залуус байсан. Түүнээс хойш олноороо төгссөн уран бүтээлчид ховор шүү дээ. Монгол дахь сургалтаасаа бага зэрэг өөр гадны оронд мэргэжилтэн бэлтгэвэл зүйтэй.

-Ингэхэд таны хүүхдүүдээс урлагийн салбарыг сонгосон хүн бий юү?

-Манай бага охин жүжигчин болохоор хүсэл, мөрөөдөлдөө автаад явж байна. Хэр сайн жүжигчин болохыг цаг хугацаа, үзэгчид харуулах байх. Найруулагчдын нүдэнд өртөх үү, үгүй юү гэдгийг таашгүй.

-Та 16 жилийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин болсноо шагнал гардуулах өглөө нь мэдсэн гэж манай сонинд гарч байсан. Энэ жил Ардын жүжигчин болохоо өмнө нь мэдэж, дээлээ зэхсэн байв уу?

-Тухайн үед 2005 оны арванхоёдугаар сарын 29-нд Хүүхдийн ордны Харшийн шинэ жилд оролцоод ирсэн. Маргааш өглөө нь гэрийн утас дуугарахад Уугий аваад “Өө тийм үү” гэж байгаа сонсогдохоор нь юу болсон юм бол, ямар нэг муу юм болчихов уу гэж санаа зовсон. Гэтэл МУГЖ болсон тухай мэдээ байсан. Театрынхан маань ч мэдээгүй байхаар хэн нэгэн нь тоглосон юм байх гээд эргүүлээд залгатал Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж байна, үнэн гэж хэлсэн. Тэгээд л сандруухан хувцсаа өмсөөд очсон доо (инээв). Энэ жил МУГЖ болсон үеэ бодвол урьд өдөр нь Тамгын газраас хэл дуулгасан. Сэтгэл хөдлөхөөсөө илүү “Одоо яах вэ, дараагийн ажлуудад асар хүнд ачаа үүрэх болж байна даа” гэж бодоод л хүүгийнхээ хуриманд өмссөн дээл, малгайгаа өмсөж очоод шагналаа хүртсэн. Театрынхаа ачааны тодорхой нэг хэсгийг зах зээлийн хүнд хэцүү үед ч, ямар ч цаг үед үүрэлцэж дэлхийн орчин цагийн, өөрийн орны сонгодог урлагийн болон янз бүрийн сайхан жүжгийн дүрд хувилж үзэгч олныхоо таашаалыг хүртэж явсныг минь төрөөс үнэлж байна гэж ойлгосон. Цаашид хийх, бодох зүйл ч их байна даа.

-Манай улс “Соёлын яам”-тай болсон. Яамны бодлого монгол киног дэлхийн брэнд болгох юм билээ. Та энэ талаар юу бодож, мэдэрч байна?

-26 жилийн дараа яамтай боллоо. Яамтай болно гэдэг хамгийн гол асуудал. Хүмүүс шүүмжлээд л байдаг. Ер нь амьдралд ямар ч зүйл 100 хувь хүний сэтгэлд нийцнэ гэж байхгүй. Юм хийх тусам хүмүүсийн шүүмжлэл, сайшаалд өртдөг. Соёлын яам гэдэг урлагийн бүх төрлийг хамарч байгаа шүү дээ. Тэгэхээр алдаа ч бий, оноо ч бий. Монгол киног дэлхийн түвшинд гаргана гэдэг нь зөв. Драмын театр ч гэсэн хэтийн төлөвлөгөөндөө гадны зах зээл рүү Дорнын театр ямар байгааг харуулахыг зорьж байна. Манайд дутагдаж байгаа хамгийн гол зүйл бол тайз. Орчин үеийн олон улсын стандартад нийцсэн тайз гарцаагүй хэрэгтэй. Энэ тал дээр Соёлын яам анхаарч ажиллаж байгаа. Тун удахгүй биеллээ олох байх аа.

-Таныг Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөнийг өвлөсөн гэдэг. Арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөний захиалга их байна уу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтэд цар тахал манай улсад шинэ жилийн баярыг тэмдэглэсэнгүй. Энэ жил төсвийн байгууллагаас бусад байгууллагад шинэ жил тэмдэглэх зөвшөөрөл олгосон. Тэднээс “Улсын өвлийн өвгөнийг шинэ жилдээ урьж байна” гэсэн дуудлагууд нэмэгдсээр байна. Миний хамгийн гол хүсэл бол Хүүхдийн ордны “Харшийн шинэ жил”-д оролцох. Энэ жил Харшийн шинэ жил маань бас л болохгүй нь. Ер нь Хүүхдийн ордонтой байнгын холбоотой байдаг. Хүүхдийн дуу цангинасан, сайхан энергитэй газар. 2005 онд гавьяат болоход өдөр нь Хүүхдийн ордонд бужигнаж байсан. Энэ жил Ардын жүчигчин цол хүртэх мэдээг сонсоход мөн л хүүхдүүдтэй ордонд жүжгийн бэлтгэлтэй байж таарсан. Юм бүхэн учиртай гэж.

-Өвлийн өвгөн болоод, өөрөөсөө ахмад хүмүүст бэлэг өгч, тэр хүмүүсийг үнсэх ямар байдаг вэ?

-Би сайхан буурал сахал зүүж, цагаан нөмрөгөө өмсөхөөр насыг нь таашгүй жинхэнэ монгол өвлийн өвгөний дүрд хувирч итгэл үнэмшилтэй болдог. Тэр үед миний хувь хүн юу бодохоос илүү бэлэг авч байгаа хүмүүсийн баярласан харц, тэдэнд эрүүл энх, урт удаан наслахыг хүсч духан дээр нь үнсэх мөч хамгийн сайхан. Хүн бүрийн нүднээс халуун дулаан хайр, баяр баясал гэрэлтдэг.

-Танай гэр бүлийн хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг вэ?

-Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр гэдэг шүү дээ. Сүүлийн хоёр жилд энэ уламжлал маш сайн давтагдсан. Өвлийн өвгөн болсноос хойших 18 жилийн талд нь Сүхбаатарын талбай дээр шинэ оноо угтсан. Талд нь гэртээ шинэ оноо угтлаа. Төв талбай дээр нийслэлчүүдтэйгээ шинэ оноо угтчихаад үтэр түргэн гэртээ очиж дахин нэг шинэ оноо гаргадаг даа. Он гарахаас хоёр, гурав хоногийн өмнө гэр бүлээрээ цуглардаг. Хүүхдүүд, ач, зээ гээд л цөмөөрөө тухайн жилийн олсон ололт амжилт, алдаа дутагдал юу байв, ирэх онд ямар төлөвлөгөөтэй байгаа тухай ярилцдаг уламжлалтай. Арванхоёрдугаар сарын 25-нд манай том хүүгийн төрсөн өдөр байдаг. Голдуу хүүгийнхээ төрсөн өдрөөр л цуглардаг даа.

-Та 1980-аад онд яагаад жүжигчин болох, Москвад сурах шийдвэр гаргасан юм бэ?

-Анх жүжигчин болох тухай бодол байгаагүй. Тухайн үед спортоор хичээллэдэг, спортын л хүн болох байх гэж боддог байсан. Би чинь Дундговь аймгийн хүн, хүүхэд байхад хөдөө

“Алтан Москваг зорьсон

Ухаант жанжин Сүхбаатарыг

Намрын хонгор салхи

Найртай сайхнаар угтлаа...” гээд л шүлэглэдэг байсан. Яагаад ч юм миний толгойд “Амьд явах хугацаандаа алтан Москва гэдгийг нь л үзчих юмсан” гэж боддог байлаа. Хотод шилжиж ирээд аравдугаар ангиа төгсөхөд драмын театраас 20 хүүхэд шалгаруулж Москвагийн театр, урлагийн дээд сургуульд сургана гэсэн юм. Намайг МУГЖ З.Жарантав ах “Өндөр нуруутай хүү байна, алив шалгалт өгөөд үз” гэхэд би их дургүй байлаа. Тэгсэн надтай хамт шалгалт өгсөн ангийн хүүхэд “Жагаа чи юу яриад байгаа юм бэ, очоод шалгалт өгөөд үз. Хэрвээ тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэж хэлсэн. Тэгээд л нээрээ тэгэх ч юм билүү гээд шалгалтандаа их хичээсэн. Ер нь Москваг үзэхийн тулд л тэр шалгалтыг сайн өгсөн юм шиг байгаа юм (инээв). 600 гаруй хүүхэд шалгалт өгснөөс эхний тавд жагссан. Тэгээд л алтан Москвагаа үзэж, Улаан талбайд очиж дэвсэж үзлээ. “Одоо яах вэ, за суръя даа” гээд л жүжигчин мэргэжлээр сурсан юм даа. Анатолий Дмитриевич Папанов гэж гайхалтай багш намайг болон миний ханийг эргэлт буцалтгүйгээр урлагийн ертөнц рүү оруулсан. Тэр үеэс хойш театртаа тасралтгүй 35 жил ажиллаж байна. Одоо театр минь яг л миний гэр шиг санагддаг.

-Таны удамд урлагийн хүн байсан уу?

-Аав, ээжийн талаас хоёуланд нь урлагийн хүн байхгүй. Харин бичиг, номтой хүн олон байсан. Манай өвөө нутаг орондоо нэртэй, ном их уншдаг хүн байлаа. Харин аав минь бие дааж өөрөө монгол бичиг, кирилл бичгийг сурсан гэдэг.

А.ГАНТУЯА dnn.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-19 14:57:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Nice content. I hope you can check some things i also put hard effort too make! kalendar 2020
Nice content. I hope you can check some things i also put hard effort to make! kalendar 2020
Уржигдар - 95.111.225.137