Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 15, Даваа
Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд томилуулахаар дэмжлээ

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд томилуулахаар дэмжлээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-12-02 09:39:05

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаан 10 гишүүн хүрэлцэн ирснээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалттай.

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы Пүрэв гарагийн (2021.11.25) нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг,  Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм.

Иймд Байнгын хороо тус хуралдаанаараа нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ш.Раднаасэд болон Ц.Сэргэлэн нар нэр дэвшигчээс асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам гишүүдийн асуултад хариулт өгсөн. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын ахлах зөвлөх М.Үнэнбат гишүүдийн лавласны дагуу сонгон шалгаруулалт болон уг асуудлыг хэлэлцэх зохицуулалтын талаар тайлбар хийв. Байнгын хорооны дэмжсэн нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилохоос татгалзсан бол сонгон шалгаруулалтад оролцож, ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан дараагийн нэр дэвшигчийг хэлэлцүүлэх зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хуульд бий гэх тайлбарыг тэрбээр өгөв.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг,  Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарын талаар хэлэлцсэн юм. 

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-12-02 09:39:05

Сэтгэгдэл бичих