Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” гэж нэрлэж, “анхааралдаа авах” ангилалд орууллаа

ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” гэж нэрлэж, “анхааралдаа авах” ангилалд орууллаа

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Өчигдөр
ЖЕНЕВ. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний шинэ хувилбарыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулж, “Омикрон” гэж нэрлэснээ мэдэгдлээ.
“Энэ хувилбар нь маш олон мутацитай бөгөөд одоогоор тодорхой болоод буй мэдээллээс үзэхэд дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай байна” гэж ДЭМБ мэдээлжээ.
“Омикрон” хувилбарын талаар Өмнөд Африкаас ДЭМБ-д 11 дүгээр сарын 24-нд анх мэдээлсэн ба одоогоор Ботсвана, Хонконг, Израил, Бельгид илрээд байна. Үүнтэй холбоотойгоор Африк тивийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх, очих зорчих хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах шийдвэрийг гаргаж буй орнуудын тоо нэмэгдэж байна.
 
 
 
Тухайлбал, Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини улсаас ирэх иргэдийг Их Британи руу нэвтрэхийг түр хугацаагаар хориглохоор болоод байна. Гэхдээ үүнд Их Британи, Ирландын иргэд, Их Британид оршин суугчид хамааралгүй байна.
 
 
 
Мөн АНУ-ын эрх баригчид Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид ирэх даваа гаргаас эхлэн зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоор болсноо мэдэгджээ. Европын Холбоо /ЕХ/ мөн ийм мэдэгдлийг өмнө нь гаргасан юм.
Баасан гарагт ДЭМБ анх “B.1.1.529” гэж нэрлээд байсан хувилбараар халдварласан тохиолдлын тоо Өмнөд Африкийн бараг бүх мужид нэмэгдэж байгаа бололтой байна гэж мэдээлжээ. “Энэ хувилбар нь маш олон мутацитай, тэдгээрийн зарим нь мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна” гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн уг хувилбарын анхны батлагдсан тохиолдол 11 дүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос илэрснийг онцлолжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, судлаачид шинэ хувилбарыг хэр халдварлах чадвартай болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд түүний нөлөөг судлахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай байна. Их Британийн эрүүл мэндийн салбарын нэгэн нэрт мэргэжилтний хувьд вакцинууд шинэ хувилбарын эсрэг сул үйлчлэл үзүүлэх нь “бараг тодорхой” байгааг анхааруулжээ.
Харин Оксфордын их сургуулийн бүтцийн биологич, профессор Жеймс Нейсмит, “Ийм хувилбар үүссэн нь муу мэдээ боловч “ертөнцийн төгсгөл” биш гэв. Түүний хэлснээр, хувилбарын мутациуд илүү хурдан халдварлаж болзошгүй болохыг нь харуулж байгаа ч халдварлах чадвар нь мутациуд хэрхэн "хамтран ажиллаж" байгаагаар нь тодорхойлогдоно. Хэрэв уг хувилбар илүү хурдан халдварладаг бол Их Британийн нутаг дэвсгэрт хүрэх нь гарцаагүй юм гэж тэрбээр нэмж хэлжээ.
АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтини Фаучийн хувьд шинэ хувилбарын талаарх мэдээллүүд нь “аюулын дохио”-г хангинуулж байгаа ч вакцинууд хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх боломж байгаа гэдгийг хэлсэн байна. "Энэ талаар нарийвчлан судлах хүртэл хувилбар биднийг вирусээс хамгаалж буй эсрэг биетүүдээс зайлсхийх чадвартай эсэхийг нь хэлж мэдэхгүй шүү дээ" гэж тэрбээр “CNN” сувагт мэдээлжээ.
ДЭМБ-ын хувьд улс орнууд зорчих хөдөлгөөнд яаран хязгаарлалт тогтоож буйгийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд, “эрсдэлд суурилсан, шинжлэх ухаанч арга барилыг” эрэлхийлэх хэрэгтэй гэжээ. Гэвч Их Британи, АНУ, ЕХ-ны гишүүд, Швейцар зэрэг орнууд Африкийн орнуудаас ирэх, очих нислэгүүдийг түр хугацаагаар зогсоогоод байна.
 
 
 
Европын Комиссын /ЕК/ тэргүүн Урсула фон дер Ляйен хэлэхдээ, “Одоо Европын орнууд маш түргэн шуурхай, шийдэмгий, нэгдмэл арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал байна” гэв. ЕК-ын хэвлэлийн төлөөлөгч Эрик Мамерын мэдээлснээр, Европт шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол Бельгид батлагдсантай холбоотойгоор ЕХ-ны бүх 27 гишүүн орны эрүүл мэндийн салбарын холбогдох албаны төлөөлөгчид зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох талаар санал нэгджээ.
Мөн Япон улс Африкийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх иргэдэд 10 хоног тусгаарлагдах шаардлага тавьж, тухайн хугацаанд дөрвөн шинжилгээ авахаар болсноо бямба гарагт мэдэгджээ. Энэтхэгийн хувьд Өмнөд Африк, Ботсвана, Хонконгоос ирэх иргэдэд илүү нарийн шинжилгээ хийхээр шийдвэрлэж байгааг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Иран улс Өмнөд Африк тэргүүтэй Африкийн зургаан орноос ирэх иргэдийг хилээр нэвтрэхийг хориглохоор болсныг төв телевиз нь мэдээлжээ. Тус бүс нутгаас ирэх Иран иргэдийн хувьд хоёр удаа шинжилгээ өгөх ёстой байна.
Харин Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жо Фахла улс орнууд нислэгүүдээ зогсоож байгааг “ямар ч үндэслэлгүй” хэмээн тодорхойлоод, зарим улс орны авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээнүүд нь ДЭМБ-аас гаргадаг хэм хэмжээ, стандарттай харшилж байна гэжээ. Мөн Өмнөд Африкийн Анагаах ухааны холбоонын тэргүүн Анжелика Кутзи түүнтэй ижил мэдэгдэл хийсэн байна. 
“Анхааралдаа авах” ангилал нь ДЭМБ-аас “COVID-19”-ийн хувилбаруудыг үнэлж буй хамгийн дээд ангилал юм. “Омикрон” хувилбар нь маш олон мутацийн цуглуулгыг агуулж байгаа тул халдварлах, бусдад дамжих чадвар нь нэмэгдсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Гэхдээ одоогоор үүнийг батлах хангалттай мэдээлэл байхгүй байгаа тул хурдан халдварладаг, мөн вакцин, эмийн үйлчлэлийг бууруулах, хүндээр өвчлүүлэх эсэхийг нь хэлэхэд эрт байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих