Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Д.Золбоо: Афганистаны асуудал АНУ-аас биш ОХУ, БНХАУ-аас шалтгаалах боллоо

Д.Золбоо: Афганистаны асуудал АНУ-аас биш ОХУ, БНХАУ-аас шалтгаалах боллоо

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-18 12:04:39
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, АНУ судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.
 
сонин mn
 
 
- АНУ Афганистанаас цэргээ гаргана гэж мэдэгдсэний дараа тус улсад өрнөж буй үйл явдал олон улс судлаачдын хувьд анхаарал татаж байна. Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?
 
- Ер нь болох ёстой үйл явдал өрнөж байна. Цаашлаад асуудал хэрхэн өрнөх нь сонин байна. Цэргээ байрлуулаад албан ёсны Засгийн газартай нь хамтарч ажиллаад ч хар тамхины ургамлын тариалалт, худалдааг үнэндээ хянаж бардаггүй байв.  Энэ мэтчилэн  олон асуудал урган гарч ирэх нь гарцаагүй. Өнгөрсөн хугацаанд АНУ цэргээ байрлуулж асуудалд нь голлон анхаарал хандуулдаг тоглогч байсан бол одоо бүс нутгийн улс орнууд тэр дундаа ОХУ, БНХАУ-д хамгийн түрүүнд хамаатай болж хувирч байна. Өөрсдийн хэт хийсвэр, явцуу улс төрийн эрх ашгаа бодсон их гүрнүүд тэр дундаа тухайн үеийн ЗХУ-ын харалган гадаад бодлого өнөөгийн Афганистаны өнгийг тодорхойлсон гэж үздэг түүхчидтэй би санал нэг байдаг. Бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бүх насаараа дайны байдалд амьдарна гэдэг ямар ч ард түмэнд хүнд тусна. Өмнө нь ЗХУ, сүүлийн 20 жилд АНУ-ын санал болгосон, тулгасан улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог энэ бүс нутаг тэр тусмаа жирийн афган хүмүүс хүлээн авах боломжгүй гэдгийг л харууллаа. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцоно гэдэг сайнаар дуусах нь ховор.
 
-АНУ цэргийн хүчээ яагаад гаргахаар болов. Шинэ ерөнхийлөгчийн бодлого байв уу. Ер нь томоохон гүрний хувьд ямар алхам болсон бол?
 
- АНУ-ын бодлого боловсруулагч нар хараахан тайлбар хийгээгүй байна. Өргөн утгаар нь аваад үзвэл аливаа зүйл өөрийн цаг хугацаатай байдагчлан эхлүүлсэн дайн түр ч хамаагүй өндөрлөх нь цаг хугацааны асуудал байсан. Шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө илэрхийлж байсан улс төрийн байр суурьтай нийцэж байгаа биз. Том, жижиг гэлтгүй аль ч улсад дайн гэдэг их өртөг, зардал цаашлаад жирийн цэргийн амь, армийн их гарз байдаг нь татвар төлөгчдөд тэр бүр таалагдахгүй байх нь мэдээжийн хэрэг. Ямар ч улс төр, эдийн засгийн томоохон шийдвэр өөрийн гэсэн эрсдэл, золиосыг дагуулж байгаа. Одоохондоо судлаач бид үйл явцын тойм л ярихаас дүгнэхэд эрт байна.
 
АНУ-ын засаг захиргааны зарим хүний хэлээд байгаачлан тэд 20 жилийн өмнө дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн үү гэдэг бас л эргэлзээтэй. Хүрээгүй гэвэл урт цаг хугацаа, зардал сүйтгэлийг салхинд хийсгэлээ гэж үзэж болох уу гээд асуулт хөвөрнө.
 
 - Манай цэргүүд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан. Тус улстай харьцах манай улсын харилцаа хамаарал ямар түвшинд байгаа бол?
 
- XXI зууны эхний монгол цэргийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын нэг бол Афганистантай салшгүй холбоотой. Дайны бэлэн байдалд, амаргүй цагт үүргээ нэр төртэй хаасан цэрэг эрсээрээ бид бахархах ёстой. Өнөөгийн манай улсын Афганистаны харилцаа гэхээр зөвхөн түүх л ярих байх даа. Хүйтэн дайны уур амьсгал, улс төрийн зорилгоор хоёр орны харилцаа тодорхой хэмжээнд “мандаж байсан” үе ХХ зуунд бол байсан. “Монгол оронд хүүхэд насны хэдэн жилээ өнгөрүүлсэн афган хүүхдүүд минь хэрхэн явдаг юм бол доо” гэж зовнин суугаа цэцэрлэгийн ахмад багш, ажилчид өнөөдөр ч манайд байдаг шүү. Шууд утгаараа манай эрх ашиг энэ бүсэд байхгүй тул олон улсын хамтын нийгэмлэгийн жишгийг дагаад Афганистаны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдах улстай цоо шинэ харилцаа бий болно гэж яригдах байх даа. Бүс нутгийн хамгийн том байгууллага ШХАБ-д манайхтай ижил ажиглагчийн гишүүнчлэл нь хэвээр хадгалагдах уу гээд сонирхолтой олон асуудал биднийг хүлээж байна.
 
Т.Батсайхан
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-18 12:04:39

Сэтгэгдэл бичих