Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Дэлхийн 135 улсад бүртгэгдсэн дельта вирус ба хорио цээрийн шинэ дэглэм

Дэлхийн 135 улсад бүртгэгдсэн дельта вирус ба хорио цээрийн шинэ дэглэм

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-12 13:55:20

Аль хэдийн 222 орны 204 сая гаруй хүнд халдварлаж, нас баралтын тохиолдол 4,3 сая гаруйд хүрээд буй Ковид-19 цар тахал дэлхийн хүн амын ихэнх хувьд нөлөөлж байна. Зарим тооцооллоос харахад цар тахал дэлхийн хүн амын 40-70 хувийг хамрах төлөвтэй.

Хэдий вакцин гарган авч, хөгжингүй орнууд дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа боловч коронавирусийн мутацид орсон хувилбарууд нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зарим улсад цар тахлын дөрөв дэх давалгаа явагдлаа. Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн хурдан халдварладаг Дельта хувилбар илэрсэн улс орнуудын тоо 135 боллоо гэж ДЭМБ мэдээллээ.

Тэгвэл зарим улс оронд ковидын халдвартай холбоотой ямар хорио цээрийн дэглэм үйлчилж байгааг тоймлон хүргэе. 

ФРАНЦАД ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ВАКЦИНЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГ ЗААВАЛ ШААРДАНА

Франц улсад коронавирусийн дөрөв дэх давалгаа үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан тус улсын Үндсэн хуулийн зөвлөл COVID-19-тэй тэмцэх хүрээнд өмнө нь тус улсын парламентаас өргөн барьсан шинэ арга хэмжээг баталлаа. Халдварын эсрэг авах арга хэмжээнд кафе, ресторан болон худалдааны төвүүдэд зөвхөн вакцинжуулалтын гэрчилгээтэй эсвэл коронавирусийн халдвар авч эдгэрсэн гэдгийг батлах бичиг эсвэл PCR-ийн шинжилгээний сөрөг гэсэн хариугаа үзүүлсэн иргэд үйлчлүүлэхээр тусгажээ.  

Гадаадын улс орнуудыг коронавирусийн халдварын нөхцөл байдлаар нь “ногоон”, “улбар шар”, “улаан” гэж ангилж байгаа бөгөөд Монгол Улс “улбар шар” ангилалд байна. Гадаад улсаас ирж буй хүмүүс Франц Улсын нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа долоо хоног өөрийгөө сайн дураар тусгаарлах бөгөөд үүний дараа 11-ээс дээш насны хүүхэд PCR-ийн шинжилгээ өгөх журам мөрдөгдөж байна. Харин “Улаан” ангилалд байгаа Өмнөд Африк, Бразил, Энэтхэг, Балба, Их Британи зэрэг улсаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлэхээр тусгажээ. 

ДОТООДЫН АЯЛАГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС КОВИДЫН ПАСПОРТООР ЗОРЧДОГ БОЛНО 

Италийн иргэд холын зайн галт тэрэг, онгоц, усан онгоц, гатлага онгоцоор аялахын тулд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гэсэн тэмдэг бүхий ковидын тусгай паспортаа шалгуулах шаардлагатай болно. Энэхүү шинэ журам ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Харин метро, ойрын зайн галт тэрэг, орон нутгийн нийтийн тээвэр, гатлага онгоцоор зорчиход энэ баримт бичиг шаардлагагүй. 

Мөн Италид музей, театр, ресторанд ковидын гэрчилгээг ашиглах журмыг баталлаа. Вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан гэх тус баримт бичгийг 12 -оос дээш насны бүх хүмүүс авах шаардлагатай аж. Ингэснээр вакцин хийлгээгүй хүн олон нийтийн газраар үйлчлүүлж чадахгүй болох нь. 

Гадаад улс орнуудыг коронавирусийн халдварын нөхцөл байдлаар нь таван ангилалд багтааж байгаа бөгөөд ангилал тус бүрд мөрдөх тусгаарлалт, хилийн хязгаарлалт ялгаатай. Монгол Улсын хувьд халдварын тархалт өндөр буюу Е ангилалд багтаж буй юм. Гадаадаас ирсэн иргэд гэрийн ажиглалтад 10 хоног байх бөгөөд ес дэх хоногт PCR-ийн шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан тохиолдолд ажиглалтыг дуусгана. 

ТУРКТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ААЖМААР СУЛРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 

Турк улс хөл хорионы хязгаарлалтыг аажмаар хөнгөвчилж эхэллээ. Өнгөрөгч долоодугаар сарын 1-нээс эхлэн тус улсад оройн цагаар тогтоосон цагийн хязгаарлалт болон Бямба гарагийн хөл хориог цуцлав. Түүнчлэн нийтийн тээвэр ашиглах журмын шинэчлэн баталж, хот хоорондын хөдөлгөөнийг сэргээсэн юм. 

Кафе, зоогийн газруудад заалаар үйлчлэх боломж нээгдсэн боловч  үйлчлүүлэгчдийн тоо хязгаарлагдмал хэвээр байх болно. Тухайлбал дотор заалаар үйлчлүүлсэн тохиолдолд нэг ширээнд хоёр хүн, гадаа талбайд байх ширээнд гурван хүн суухыг зөвшөөрөх юм. 

Анадолу агентлагийн мэдээлж буйгаар кино театрууд нээгдсэн бөгөөд танхим дүүргэлтийг 50 хувьтай болгох шаардлагатай. Мөн фитнес, спорт заалнууд удаан хугацааны дараа үүд хаалгаа нээж, тодорхой хязгаарлалттайгаар үйлчилгээ үзүүлж эхэллээ. Төрийн байгууллагууд ердийн цагийн хуваарьт шилжин ажиллаж эхлэв. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээ эхлүүлэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.  

ИХ БРИТАНИД ОЛОН НИЙТИЙН ГАЗАР АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ БАЙЖ БОЛНО

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрөгч долоодугаар сарын 19-нөөс эхлэн хөл хорионы дэглэмийг сулруулж буйгаа мэдэгдсэн билээ.  

Нийтийн тээврийн хэрэгсэл болон бусад олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх шаардлагагүй болов. Гэхдээ иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хүний хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт амны хаалт зүүхийг зөвлөж буй.  

Вакцины бүрэн тунд хамрагдсан британичууд "улбар шар" ангилалд хамрагдах улс орнуудад зочлох боломжтой боллоо. Гадаад руу зорчсон иргэд, халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүс 10 хоногийн тусгаарлалтад орохыг цуцаллаа. Мөн баар, ресторанаар үйлчлүүлэхдээ QR код уншуулах журмыг цуцлав. 

Их Британийн эрх баригчид гадаад улс орнуудыг ковидын халдварын нөхцөл байдлаар нь “ногоон”, “улбар шар”, “улаан” гэсэн 3 ангилалд хувааж буй. Энэ оны зургаадугаар 30-наас эхлэн Монгол Улсыг "улаан" ангилалд оруулсан. "Улаан" ангилалд байгаа гадаад улсын иргэд богино хугацааны визээр тус улсад нэвтрэх боломжгүй. "Улаан" ангиллын улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлана. Энэ үеэр хоёр болон найм дахь хоногт PCR-ийн шинжилгээ авна. 

БНСУ-Д ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ 4 ДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛ БУЮУ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИН ХҮРГЭВ

Ковид-19 цар тахлын дэгдэлт буурахгүй байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар “Нийгэмд зай барих” хорио цээрийн дэглэмийг 4 ДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛ буюу хамгийн өндөр түвшинд хүргэж чангаруулсан билээ. 

Энэ дагуу 18.00 цагаас өмнө 4-өөс дээш хүн, 18.00 цагаас хойш 2-оос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, зоогийн газар, кафе үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийхийг зөвшөөрсөн.  

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг зайны сургалтад шилжүүлэх, байгууллагууд ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах, урлагийн тоглолт, спортын тэмцээнийг үзэгчгүй хийх, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг хорио цээрийн хатуу арга хэмжээнүүдийг авч байна.  

ЯПОНЫ ТОМООХОН ХОТУУДАД ОНЦ БАЙДАЛ ТОГТООВ 

Япон Улсын Засгийн газар коронавирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд Токио, Окинава, Сайтама, Канагава, Чиба, Осака зэрэг хотууд долоодугаар сарын 12-ны өдрөөс энэ сарын 22-ныг дуустал онц байдал тогтоогоод байна. 

Энэтхэг, Индонез, Бразил зэрэг улсаас очиж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног, Их Британи, Европын Холбооны улсаас ирж буй хүмүүсийг 3 хоног тусгаарлан ажиглах байранд тусгаарлах журам үйлчилж буй. Харин Монгол Улсаас ирж буй хүмүүс 14 хоног гэртээ эсвэл тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана.

10 МЯНГА ГАРУЙ ҮЗЭГЧТЭЙ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨВ

Швейцарт ил задгай газар, олон нийтийн газар, амралтын газар, рестораны гадаа талбайд, ажлын газар заавал амны хаалт зүүх журмыг цуцалжээ.   

Усан парк, рашаан сувилал, клуб, баар зэрэг соёл амралтын газрууд нээгдсэн бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдсаныг гэрчлэх ковидын гэрчилгээтэй хүмүүст л үйлчлэх юм. Олон нийтийн арга хэмжээний үеэр танхимын дүүргэлтийг тухайн байгууллагын нийт хүчин чадлын гуравны хоёроос хэтрүүлэхгүй байх ёстой. 

Оролцогчид бүрэн тунд хамрагдсан вакцинжуулалтын гэрчилгээтэй, шинжилгээний хариу сөрөг гарсан эсвэл бүрэн эдгэрсэн иргэдийн оролцоотой 10 мянга гаруй үзэгчтэй соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрнө.  Харин хувийн арга хэмжээний тухайд дотор 30 хүртэл, гадаа 50 хүртэл хүнтэй зохион байгуулахыг зөвшөөрлөө. 

gogo.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-12 13:55:20

Сэтгэгдэл бичих