Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
А.Дөлгөөн: Чоно хүүхэд рүү дайрахыг нүднийхээ булангаар хальт хараад л буу шүүрээд, шууд гох дарсан

А.Дөлгөөн: Чоно хүүхэд рүү дайрахыг нүднийхээ булангаар хальт хараад л буу шүүрээд, шууд гох дарсан

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-10 09:35:56

Энэ оны зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө А.Дөлгөөн гэх залуу Завхан аймаг руу явах замдаа Шатахуун түгээх станцын ажилтан халдлагад өртөж байхад аварсан. Цаашлах замдаа тэрбээр дөрвөн настай охин руу дайрсан чоныг алдалгүй буудан унагаж баатарлаг гавьяа байгуулсан билээ. Түүнд тохиолдсон адал явдлынх нь талаар хөөрөлдсөнөө хүргэе.


-Өнгөрсөн зун Завханы Нөмрөгт халдлагад өртсөн ШТС-ын ажилтанд тусалсан гэх мэдээлэл цахимд гарсан байна лээ. Тухайн үед ямар үйл явдал болсон юм бэ?

-Завхан аймгийн Нөмрөг сум орохоос 17 км-ийн наана миний машин эвдэрсэн юм. Ус нь халаад явах боломжгүй болсон л доо. Хөл хорио тогтоочихсон үе учраас замд унаа ч тааралдахгүй байлаа. Хоёр цаг орчим алхаж Нөмрөг сум руу шөнийн 01:00 цагийн алдад орсон юм. Ингээд “Шунхлай” ШТС руу очиж түгээгч эмэгтэйгээс тосол асууж, авахаар боллоо. Бие засах газар луу ороод гараад иртэл “Приус 30” маркийн машинтай хоёр залуу банкаа дүүргэчихээд түгээгчид мөнгөө өгөхгүй, картын нууц дугаараа буруу хэлээд хэрэлдээд зогсож байна. Энэ зуур өнөөх хоёр залуу хоорондоо “Зугтчихъя” гэж ярилцаж байхыг нь би сонссон юм. Тухайн үед цагдаад мэдэгдье гэж санаад машин руу нь очоод түлхүүрийг нь авчихлаа. Ингээд бидний хооронд маргаан дэгдсэн. Өнөө залуусын нэг нь намайг цохиход нь түлхэж унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Нөгөө залуу нь ч “Ална даа” гэж хашхираад л гүйгээд ирэхэд нь мушгиж унагаад өччихсөн юм. Өнөө хоёр ч газар хэвтээд өглөө. Түгээгч эгчид “Приус 30”-ын түлхүүрийг нь өгчихөөд “Цагдаа дуудаарай, та” гэж хэлээд тосолоо аваад машин дээрээ очиж хонохоор зам дагаад алхчихсан. Ингэж алхаж явахад холын тээвэрт явдаг бололтой “HOWO”-той ах над руу хүрч ирээд зогслоо. Өнөөх ахад хандаж машин эвдэрсэн тухайгаа дуулгатал надад тусалсан. Машины маань радиотрын цоорсон хэсгийг цавуудаад өглөө. Жолооч ахад талархал илэрхийлж, тодорхой хэмжээнд урамшуулаад цааш явсан юм. Тухайн үед үүр хаяарч байсан.

-Цааш явахдаа дөрвөн настай охиныг чонын халдлагаас аварсан талаар та ярьж байсан. Энэ тухай яриач?

-Миний тухайд удаан хугацаанд хоол унд идээгүй, нэлээн ядарч өлссөн учраас айл бараадаад нүдний хор гаргаад цааш явъя гэж санасан юм.

Төв замаас жаахан хазайтал хоёр эсгий гэртэй айлаас хүн гарч ирж байгаа нь харагдлаа. Яваад очиход нэг ах морио барьчихсан эмээллэж байсан. Өнөөх ахтай таван үг сольж байх зуур цаахан талд нэг их холгүй цөөн тооны хонийг жаахан охин туугаад явж байв. Удсан ч үгүй гэрийн гадаа хэвтэж байсан хэдэн нохой хуцаад эхэлсэн. Ах ч “Чоно” гэж хашхираад гэр лүү гүйж ороод калибр бариад гараад ирлээ. Чоно ч яах ийхийн зуургүй зуургүй л хонь руу дайраад ороод ирсэн. Хонин сүрэг ч тал тал тийшээ тарчихдаг юм билээ. Би ч хүүхдийг нь шүүрчихье гэж санаад л моринд мордож гуядаад ухасхийсэн. Чоно ч хүүхэд рүү дайрч байгаа нь нүдэнд зэрвэс харагдлаа. Морь ч даялаад явж өгдөггүй. Өмнө нь хангайн амьтанд хөөлгөж байсан морь чоно руу ойртдоггүй юм билээ. Ингээд өнөө ахын бууг шүүрч аваад л шууд буудчихсан. Хүүхэд рүү дайрсан чоно ч урагшаа годройтоод л унасан. Чоно доороо эргэлдэж байхад нь морио хаяж гүйж очоод бууныхаа бөгсөөр толгой руу нь хэд цохиод л алсан. Нар мандахын өмнөхөн болсон явдал л даа. Гэрийн эзэн ахаас яагаад эрт боссон талаар асуухад овооны тахилгад явахаар зэхэж нар битүүд босоод байсан нь тэр юм билээ. Ах ч надаас нэр алдар асуухад нь алсан чоноо ардаа ачаад шалавхан хөдөлсөн.


-Нүдний хор гаргахаар айл бараадсан талаар та хэлсэн шүү дээ. Юунд яарсан юм...

-Нэгдүгээрт, би хууль бус ан хийчихсэн. Хоёрдугаарт, шатахуун түгээх станц дээр хүн зодчихсон болохоор асуудалд орохыг хүсэлгүй, ахаас тэвнэ аваад шууд цааш хөдөлсөн. Мөн хөл хорионы үе байсан учраас өөрөө асуудалд орохоос сэргийлсэн хэрэг л дээ.

-Тэвнэ авсан нь ямар учиртай юм бол?

-Авласан ангийнхаа аманд эрхий хурууны цусаа дусаадаг талаар өмнө нь ааваасаа сонсож байсан юм. Байгалийн бус жамаар чамаас болж үхэж байгаа амьтанд ямар нэгэн төлөөс төлөх ёстой. Үгүй бол байгаль чамаас төлөөс заавал авдаг тухай аав минь захиж байсан. Үйлийн үрэнд өртөхгүйн тулд цус нэхэж ирсэн чононд өгч байгаа төлөөс минь тэр л дээ. Ингээнд хангайн амьтныг хангайд нь нутаглуулахаар чоноо ачаад цааш хөдөлсөн. Зайдуухан уулын энгэр бараадуулаад жаахан үүрч явж байгаад л үлдээсэн.

-Таны ярьж байгаа үйл явдал энэ оны зургадугаар сарын 2-нд болсон юм билээ. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал хүнд, зам хаалттай байсан шүү дээ. Та ямар зорилгоор Завхан руу явсан юм бэ?

-Миний дотно нөхөрлөж өссөн найз маань. Харамсалтай нь бусдын гарт амиа алдсан. Тэр маань айлын ганц хүү л дээ. Хамаатан садан гэх хүн бараг байхгүй. Би найзынхаа ээжийнх нь сургийг гаргахаар л Завхан руу явсан юм.

-Найзын тань ээж Завханд байгааг та яаж мэдсэн юм?

-"Нарантуул" дээр явж байгаад танил эгчтэйгээ санамсаргүй тааралдсан. Тэр эгч найзын маань ээжийг бой хийхээр Завханаас ирсэн хүнтэй танилцаад хамт явсан тухай хэлсэн юм. Завханд хамт амьдарч айлын мал маллаж байгаа тухай дуулсан. Өнөө хүн нь ч найзын минь ээжийг зодож нүдээд байдаг талаар танил эгч маань хэлсэн. Найзынхаа ээжийн талаар таагүй мэдээлэл сонссон миний сэтгэл ч нэг л тогтож өгөхөө больчихсон. Муу найз минь ч бодогдоод байх болсон. Тэгээд найзынхаа ээжийг Улаанбаатар луу авчирч дэргэдээ авч хамт амьдрахаар шийдсэн юм. Хүн гэдэг мөнх биш. Настай хүнийг сэтгэл амар байлгах бодол тээгээд л замд гарсан.

Хэрэв би хорвоогийн мөнх бусыг үзүүлээд миний ээжийн талаар таагүй мэдээлэл сонсвол найз минь зүгээр суух хүн биш л дээ. Ийм учраас өвөр түрийндээ орж өссөн найзынхаа ээжийн эрэлд гарсан минь энэ. Энэ тухайгаа ханьдаа дуулгахад ч дэмжсэн.

-Аян замд гарсан хэрэг зориг тань бүтсэн үү. Найзынхаа ээжтэй уулзсан уу?

-Сүүлд нь уулзсан. Дажгүй сайн явж байгаа. Одоо холбоотой байдаг. Өнөө зах дээр тааралдсан эгч маань надад хөндлөн мэдээлэл дуулгасныг нь сүүлд мэдсэн. Завхан руу дагаж явсан хүнээсээ хоёр жилийн өмнө салсан юм билээ. Одоо нэг байгууллагад үйлчлэгчээр ажилладаг.

-Өөрийн чинь талаар сонирхмоор байна л даа. Юу хийдэг вэ?

-Та миний талаар сонирхож байна уу (инээв). Би өөрийнхөө талаар нэг их яриад баймааргүй байна л даа, уучлаарай. Сайхан дурсамж байдаг бол яриад суухсан. Миний өнгөрсөн амьдрал хар дарсан зүүд гэж хэлж болно. Би хэзээ ч хүүхэд насаа дурсахыг хүсдэггүй. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол хүн бүр сууна даа гэж ярьдаг. Би тийм галт тэргэнд хэзээ ч суухгүй. Би амьдралдаа дусал архи амсаж үзээгүй. Энэ ундааг би жигшдэг. Энэ гашуун ундааны үр дагаврыг би сайн мэддэг, биеэрээ мэдэрч өссөн болохоор тэр. Миний ээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилладаг, дэслэгч цолтой хүн байлаа. Өөд болсон. Аав минь салаад явсан. Миний очих газар тодорхой шүү дээ. Сүүлд насанд хүрсэн хойноо аавтайгаа уулзсан. Бид 500 цаг хүрэхгүй хугацаанд л хамт байсан. Тэр богино хугацаанд аав минь надад их зүйл зөвлөсөн. Ингээд л хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний аав бүх л хүчний байгууллагад ажиллаж байлаа. Дэд хурандаа цолтой хүн. Манай удмынхан бүгд цэрэг, цагдаагийн хүмүүс. Миний өвөө Сундуйсүрэн тусгай хүчинд бэлтгэгдэж байсан хүн. Энэ хүний аав нь хоёр чөлөөлөх дайнд оролцож явсан юм билээ. Миний ээжийн аав Амарбаяр гэж хүн 013 дугаар ангид ахмад цолтой хүн байлаа. Энэ хүмүүсийн удмаас төрж гарсан ганц эрэгтэй хүүхэд нь би.

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Би эрүүл нийгмийн төлөө төрийн бус байгууллага ажиллуулахаар дарга нар, бизнесмэнүүдийн хаалгыг татаж үзлээ. Миний төсөл тэдэнд таалагддаг ч нас минь таалагдахгүй юм. Хүн залуу насандаа л хийж бүтээнэ шүү дээ. 40 нас хүрээд бүтээх юм уу. Асаж байгаа залуу насандаа л хийж бүтээнэ. Би чинь өрхийн тэргүүн хүн ш дээ уул нь. Миний насыг онцлоод таалдаггүй хүмүүсийг би ойлгодоггүй юм.

-Та өмнөө тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн туулж байна вэ?

-Саад бэрхшээлийг сөрж зогсоод л тэсч үлдэнэ. Тойрч гарахгүй. Өөр сонголт байхгүй. Энэ орчлонд би ханьдаа, хоёр гартаа л итгэдэг. Өөр юунд ч итгэдэггүй.

-Өнөөдрийн залуусын хандлагын талаар байр суурийг тань сонсох гэсэн юм.

-Би анх удаагаа хүний амь аварч байгаа нь энэ тохиолдол биш л дээ.

Зам тээврийн осол болоод хавчуулагдсан гурван хүнийг татаж гаргаж байхад хажуугаар машинууд зүгээр л зөрөөд өнгөрч байсан. Хараад зогсож байсан хүнээс тусламж хүсэхэд шууд зугтаж байгаа юм. Залуус би л болж байвал бусад нь үхэж байсан ч надад хамаагүй гэдэг үзэл сурталтай болчихсон нь олон жишээнээс анзаарагддаг. Үнэхээр аминчхан үзэлтэй болчихож. Хэн ч хэнийгээ зараад идэхэд бэлэн тийм нийгэмд бид амьдарч байна.

-Таны зорилгыг сонирхъё?

-Амьсгал хураахын өмнө үг ч дуугарч чадахгүй хэдхэн хором байдаг. Тэр үед харамсах зүйлгүй байхыг боддог юм. Тухайн мөчид хэн нэгнийг гомдоосон доо гэж харамсахгүй байхыг л хичээдэг.

Эх сурвалж:dnn.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-10 09:35:56

Сэтгэгдэл бичих