Хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх барилдаж байгаагаас гурвын даваанд 128 бөх үлдлээ.

Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр болон аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нараас гадна улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын найман арслан цолтнууд учраа бөхчүүдээ давсан. Аймгийн арслан цолтой 99 бөх барилдаж байгаагаас ихэнх нь хоорондоо оноолт таарав.

Нэгийн даваанд улсын цолтой хоёр бөх учраагаа бараагүй бол хоёрын даваанд 15 улсын цолтой бөх өвдөг шороодлоо. Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Х.Гантулга нарын улсын цолтнууд аймгийн цолтой бөхчүүдэд унаж, энэ жилийн наадмыг эрт өндөрлүүллээ. Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана улсын арслан Д.Ганхуягаар хоёр давлаа. Мөн жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг аймгийн заан Л.Отгонбаатар хоёрын даваанд улсын начин М.Бат-Отгоныг давж, гурвын даваанд үлдээд байна.

Улсын өсөх идэр начин Э.Энхбатын төрсөн дүү аймгийн заан Э.Энх-Амгалан улсын начин Б.Сугаржаргалаар хоёр давлаа.

Нэгийн даваанд хоёр улсын цолтон унасан бол хоёрын даваанд нийт 15 улсын цолтой бөх унаж, энэ жилийн наадмыг эхний өдөр дуусгалаа.

Нэгийн даваа

  1. Улсын харцага Ш.Уламбаяр – залуу бөх Ж.Ууганбаяр
  2. Улсын начин  И.Ёндонсамбуу – залуу бөх Л.Раднаасүрэн

Хоёрын даваа

  1. Улсын арслан Д.Ганхуяг – залуу бөх Г.Алтанбагана
  2. Улсын заан  Д.Бумбаяр – аймгийн начин Б.Чинбат
  3. Улсын харцага.Х.Гантулга – аймгийн харцага Б.Батсайхан
  4. Улсын начин Ч.Батчулуун – аймгийн харцага Д.Аззаяа
  5. Улсын начин М.Цанлиг – аймгийн харцага Ц.Ганбат
  6. Улсын начин Л.Гантулга – аймгийн харцага Л.Пүрэвдорж
  7. Улсын начин С.Багахүү – аймгийн харцага М.Адъяахүү
  8. Улсын начин Б.Сугаржаргал – аймгийн заан Э.Энх-Амгалан
  9. Улсын начин Д.Энхбаяр – аймгийн заан Э.Баасандорж
  10. Улсын начин М.Бат-Отгон – аймгийн заан Л.Отгонбаатар
  11. Улсын начин Л.Батзориг – аймгийн арслан П.Эрхэмжаргал
  12. Улсын начин Л.Шинэбаатар – аймгийн арслан Б.Баянмөнх
  13. Улсын начин Б.Хишигбаатар –аймгийн арслан Э.Ууганбаяр
  14. Улсын начин Г.Ганжад –аймгийн арслан Ж.Алтаншагай
  15. Улсын начин Ж.Дагва-Очир – аймгийн арслан О.Батцэнгэл


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд