Наадмын хуушуурыг бор цаасанд хийж өгье

        Үндэсний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол үндэсний бөх, сурын харваа үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн наадамчин олон, гадаадын жуулчин иргэд, хүүхэд хөгшид гэлтгүй наадмын хуушуур идэлгүй харьцгаана гэж огт байхгүй. Түүнчлэн хүй долоон худагт хурдан морьдын тоосонд даруулах гэсэн наадамчдын иддэг ганц зүйл бол бас л хуушуур билээ.

Жил болгоны наадмаар хоол хүнсний зориулалтаар ашиглах 600-аад цэг ажилладаг. Эдгээр цэгүүдийн 60-70 хувь нь хуушуур борлуулах цэг байдаг. Хувь хүн, албан байгуулага гээд энэхүү үйл ажиллагаа эрхэлж буй иргэд наадамчин олонд үйлчлэхдээ хувийн ариун цэвэр сахидаг эсэх, цаашлаад хоолондоо баталгаатай хүнс хэрэглэдэг үү гэдэг асуудал жил бүр гардаг. 

Түүнчлэн бидний хамгийн сайн мэддэг мөртөө хэрэглээнээсээ огт халж чаддаггүй зүйлийн нэг бол пластик уут буюу бидний хэлж заншсанаар гялгар уут. Гялгар уут нь хүний биед шингэснээр хавдрын шинжтэй олон өвчлөлийг үүсгэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Олон нийтийн баяр наадмын хөл хөдөлгөөн ихтэй энэ үеүүдэд халуун тосонд хайрсан хуушуураа гялгар уутандаа уутлаад авч явдаг үзэгдлийг хэдийнээ халах цаг ирсэн.

Баяр наадмын үеэр нэгдсэн гал тогооноос хоёр өдөрт л гэхэд 200-300 мянган хуушуур гардаг. Энэ үеэр наадамчид хайрсан хуушуураа идэхээс гадна уутлаад аваад явахыг илүүд үздэг болсон. Харин энэ үед пластик бүтээгдэхүүнтэй урвалд орсон хоол хүнс бидний эрүүл мэндэд хэр нөлөөлөх вэ. Хавдар судлалын үндэсний төв болон бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар манай орны нийт нас баралтын 40 хувь нь хорт хавдрын өвчлөлөөс хамааралтай байгаа юм. Тэгвэл гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдараас өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. 

Улс даяар гялгар уутнаас татгалзах аян зохион байгуулдаг ч энэ нь тодорхой хэмжээгээр үр нөлөө өгдөггүй, хэрэглэсээр л байдаг.

Харин 2019 оноос гялгар уутыг бүр мөсөн халах, ашиглахаа болих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн баяр наадмаар иргэдэд үйлчлэх хоолны цэгүүдийг гялгар уут хэрэглэхийг хориглож эхэлсэн. Харин үүнийхээ оронд цаасан бор уутаа эргээд шинэчилэн хэрэглэхийг уриалга болгосон билээ.  Манай улсад цаасан уутны 10 гаруй үйлдвэр байдаг. Бид өөрсдийн эрүүл мэнддээ хэрэгтэй бүтээгдэхүүн хэрэглэхийн сацуу үндэсний үйлдвэрлэгчдээ ч дэмжих бүрэн боломжтой юм.    


Т.Номун 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 66.181.191.1492018-07-11 20:51:00

buuz jignedeg tsaas garch amgalan zah

Uyngaaa - 66.181.161.872018-07-10 11:02:21

Negdsen zovshooroltei batalgaatai gazruudaa l ajilluul

gerelteh - 66.181.180.402018-07-10 10:51:26

TIIM SHUU, gyalgar uutnaas tatgalzah tsag bolson

zocin - 103.26.194.52018-07-10 10:47:56

mergejliin hynalt sain ajillah heregtei