Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
АСЕАН-дэлхийн хэмжээний асуудлуудыг хэлэлцэх талбар

АСЕАН-дэлхийн хэмжээний асуудлуудыг хэлэлцэх талбар

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-11-15 16:50:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хэдэн өдрүүдэд Зүүн Өмнөд Азид олон улсын хэмжээний гурван том үйл явдал ээлж дараалан болсоор байна. Эхнийх нь буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо /ACEAN/ ба түүний түнш орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Камбож улсын нийслэл Пномпень хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.


Түүнчлэн G20 бүлгийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт 15-16-нд Индонезийн Бали аралд болсны дараа Таиланд улс Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтыг 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах юм.


Хоёр жил тутамд болдог АСЕАН-ы уулзалт сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаагаа “цахим бус” биечилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж, түүнд АСЕАН-ы түнш орнуудыг төлөөлөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Энэтхэгийн дэд ерөнхийлөгч Жагдипа Ханкхара, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар уригдан оролцлоо.

Эгнээндээ Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Таиланд, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Филиппин гэсэн 10 улсыг нэгтгэсэн АСЕАН нь түншлэл, яриа хэлэлцээний ASEAN+3 буюу Хятад, Япон, Өмнөд Солонгос, ASEAN+CER буюу Австрали, Шинэ Зеландыг хамарсан бүтэцтэйгээс гадна АСЕАН-АНУ, АСЕАН-ОХУ, АСЕАН-Европын Холбоо гэсэн уулзалтууд тогтмол явагддаг. Үүнээс дүгнэвэл, АСЕАН нь нөлөө бүхий хүчирхэг олон улсын байгууллага болж, тус холбооны саммит нь бүс нутгийн чуулга уулзалтын хүрээнээс хэдийнэ хальж, дэлхий хэмжээний асуудлуудыг хэлэлцдэг талбар болон хувирчээ. /зураг дээр: Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр/


Пномпеньд цугларсан дэлхийн нөлөө бүхий улстөрчид Мьянмарын нөхцөл байдлаас эхлээд Украины дайн, Өмнөд Хятадын тэнгист үүссэн түгшүүртэй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.


Хоёр талын ба олон талт уулзалтуудын талбар

Өнгөрсөн өдрүүдэд Пномпень хот хоёр талын болон олон талт уулзалтын талбар болж хувирлаа. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид сүүлийн гурван жил орчмын дараа анх удаагаа албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцааг дордуулсоор буй дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зохицуулахаар тохиролцсон байна. Үүний дараа АНУ-Япон-Өмнөд Солонгосын гурван талт уулзалт болж, Умард Солонгостой холбоотой асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “Пхеньяны аюулын эсрэг гурван улс хэзээ ч байгаагүйгээр нэгдэж чадсан” гэдгийг онцлон дурджээ.


Мөн АНУ-АСЕАН-ы уулзалт болж, хоёр талын хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гарсныг зарлан мэдэгдэв.


Ерөнхийлөгч Ж.Байден цахилгаан автомашин үйлдвэрлэх дэд бүтцийг АСЕАН-ы орнуудад байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэний сацуу энэ онд 250 сая долларын өртөгтэй янз бүрийн төслүүдийг  хэрэгжүүлэх санаачилгыг Америкийн тал гаргасан болохыг онцлон тэмдэглэв. АСЕАН бол АНУ-ын худалдааны 4 дэх том түнш бөгөөд хоёр талын худалдааны эргэлт 362 тэрбум долларт хүрчээ. Ингэснээр АНУ нь АСЕАН-ы хувьд Хятадтай адил стратегийн чухал түнш болж байна. АСЕАН бол Хятад улсын хувьд худалдаа-эдийн засгийн гол түнш нь бөгөөд 2021 онд хоёр талын худалдааны эргэлт 878 тэрбум долларт хүрснээр Хятад-Европын Холбооны худалдааны хэмжээнээс /828 тэрбум/ давжээ.



Түүнчлэн Пномпений уулзалтын үеэр АСЕАН-ы орнууд 13 жилийн өмнө Австрали ба Шинэ Зеландтай байгуулсан Чөлөөт худалдааны гэрээгээ (AANZFTA) шинэчлэхээр тохиролцжээ. Цар тахал дэгдэж, геополитикийн таагүй нөхцөл байдал үүссэн хэдий ч АСЕАН-Австрали хоорондын худалдааны эргэлт 2021 онд 81,6 тэрбум долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 49 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн АСЕАН-Шинэ Зеландын хоорондын худалдааны эргэлт 11 тэрбум долларт хүрчээ.


AANZFTA гэрээг шинэчлэх асуудлаарх хэлэлцээ амжилттай дууссанд АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Жок Хой баяр хүргээд, энэ гэрээ нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэлээ.


Мьянмарын асуудал

Өнгөрсөн оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш Мьянмарын армийнхан ардчиллыг дэмжигчдийн эсрэг хүч хэрэглэсээр байгаа тухай асуудлыг АСЕАН-ы удирдагчид уулзалтын эхний өдөр авч хэлэлцлээ.


2021 оны дөрөвдүгээр сард АСЕАН ба Мьянмарын цэргийнхэн Мьянмарын нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор таван заалт бүхий зөвшилцлийн төлөвлөгөөг баталж, хүч хэрэглэхийг нэн даруй зогсоохоор тохиролцсон юм. Гэвч төлөвлөгөөний хэрэгжилтэнд “тун бага ахиц дэвшил” гарсан учраас АСЕАН-ы удирдагчид Мьянмарын цэргийнхэнд хандан амлалтаа биелүүлэхийг дахин уриаллаа.


Мөн Пномпеньд хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “Мьянмарт нөхцөл байдал улам дордож байгаад санаа зовниж буйгаа" илэрхийлсний сацуу таван заалт бүхий тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд Мьянмарын цэргийнхэнд үзүүлж буй шахалтыг улам чангатгах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Пномпений уулзалтанд Мьянмарын хунтын толгойлогч Мин Аун Хлаин оролцоогүй бөгөөд түүнийг хоёр жил дараалан уулзалтанд урьсангүй. 


Украины асуудал

Хэдийгээр Украин улс Зүүн Өмнөд Азийн бүс нутгаас алс хол оршдог боловч энэ удаагийн саммит Орос-Украины дайнтай холбоотой асуудлыг ч хэлэлцлээ. АСЕАН-ыг даргалагч улс болох Камбожийн Ерөнхий сайд Хун Сен-ий урилгаар Пномпеньд хүрэлцэн ирсэн Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба бусад улсын сайд нартай уулзаж, Оросын түрэмгийллийг зэмлэн буруушааж, Украиныг дэмжихийг уриалсан байна. Ерөнхийд нь ажихад, Барууны орнууд ба Хятад, Оросын хоорондын сөргөлдөөнд АСЕАН-ы орнууд аль нэг талыг дэмжин туйлшрахгүй байх байр суурьтай байгаа бөгөөд Сингапураас бусад нь Оросын эсрэг хоригт нэгдээгүй юм.


Ташрамд дурдахад, АСЕАН-ы чуулганы сүүлчийн өдөр буюу ням гарагт Зүүн Азийн саммит гэдэг уулзалт болсон бөгөөд түүнд АНУ, БНХАУ, Японы удирдагчдаас гадна АСЕАН-ы орнууд ба түүний түнш орнуудын төлөөлөгчид оролцов. Уг уулзалтаас хамтарсан мэдэгдэл гаргана гэж хүлээж байсан боловч АНУ, ОХУ хоёр мэдэгдлийн агуулга, үг хэллэгийн талаар санал зөрөлджээ. /зураг дээр: Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр/


Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын маргаан

Энэ тэнгис дэх бүлэг арлуудын эзэмших асуудлаар Хятад улс ба АСЕАН-ын гишүүд болох Бруней, Малайз, Вьетнам, Филиппиний хооронд маргаан үүсээд олон жил болж байгаа билээ.  


Ерөнхийлөгч Байден хэлэхдээ, Дорнод Хятадын болон Өмнөд Хятадын тэнгисийн аль алиных нь усан замаар чөлөөтэй зорчих эрх, тэдгээрийн дээгүүр нислэгийг чөлөөтэй үйлдэх эрхийг хүндэтгэх нь зүйтэй бөгөөд үүссэн бүхий  л маргааныг олон улсын эрхзүйн хүрээнд тайван замаар шийдвэрлэх ёстой гэж онцлон тэмдэглэв.


Харин тус тэнгисийн асуудлаар маргалдагч тал тус бүртэй хоёр талын яриа хэлэлцээ хийх замаар асуудлыг шийдвэрлэх сонирхолтой Хятад улс уг асуудалд хөндлөнгөөс оролцож буй Вашингтоныг шүүмжилсээр ирсэн. Энэ удаагийн АСЕАН-ы уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэлэхдээ “Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг шийдэх түлхүүрийг гартаа авах итгэл найдвар, оюун ухаан, чадвар бидэнд бий” гэжээ.

Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос хэлэхдээ “дэлхийн худалдааны амин чухал зам болох Өмнөд Хятадын тэнгист олон улсын хууль, НҮБ-ын Далай тэнгисийн Конвенц үйлчлэх ёстой” гэсэн байна.


Эдгээр болон бусад асуудлыг хэлэлцсэн Пномпений 3 өдрийн уулзалтын төгсгөлд Камбож улсын Ерөнхий сайд Хун Сен 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс АСЕАН-ыг албан ёсоор даргалах Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо-д бэлгэ тэмдгийн алхыг гардуулан өглөө. 


MONTSAME.MN

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-11-15 16:50:48

Сэтгэгдэл бичих