Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
ОУВС:Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй

ОУВС:Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 09:12:02

ОУВС-гийн ажлын хэсэг лхагва гаригт Монгол Улсын 2022 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн үр дүнг танилцууллаа.

ОУВС-гийн эдийн засагчид Монгол Улсын Засгийн газар ковидын эсрэг амжилттай арга хэмжээ хэрэгжүүлж, цар тахлыг хяналтдаа авч чадсан. Улмаар хил, гаалийн үйл ажиллагаа сааталгүй болсон нь эдийн засгийн дотоод идэвхжил сайжирч, БНХАУ руу гарч байгаа түүхий эдийн экспорт сүүлийн саруудад нэмэгдэж байгааг онцоллоо. Улмаар Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэг хувиас 2.5 хувь болгон өсгөсөн байна.

Гэвч  инфляцын өсөлт, хавтгайрсан халамжийн бодлого, төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын нөөц багассан зэрэг нь Монгол Улсын эдийн засагт хамгийн хүнд сорилт болж байна гэж дүгнэв. Цаашлаад манай улсад ойрын жилүүдэд Оюу толгойн далд уурхай ашиглалтад орж, зэсийн экспорт нэмэгдэхээс өөрөөр экспортыг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байгаа тул 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг таваас хувиас 4 хувь болгон бууруулжээ.

Точвхондоо, ОУВС-гийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Ялангуяа, гадаад валютын нөөц эрчимтэй багасч, 2023 онд хэд хэдэн гадаад зээл болон бондын өрийн эргэн төлөлт хийх хуваарьтай. Тиймээс Засгийн газар болон УИХ-ын зүгээс зоригтой, шийдэмгий бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүндээс маш ноцтой байдал руу шилжиж болзошгүй гэсэн юм. 

Хамгийн гол нь, экспортын орлого нэмэгдэж байгаа ч импортын хэмжээ дагаад өссөөр байгаа нь том хүндрэл, суурь асуудал болж байна гэв.

Тэгвэл импорт өсөж байгаа нэг гол шалтгаан нь чинээлэг хэсэгт очсон шаардлагагүй ковидын дэмжлэгийн мөнгө дансанд хуримтлал болж, нэмэлт хэрэгцээнд зарцуулагдах байдлаар гадагшаа урсаж байгаагаас шалтаалж байх магадлалтай гэв.

Мөн Засгийн газрын зөрвшөөрөлтэйгөөр өнгөрсөн онд Монголын төрийн өмчит томоохон компаниуд уул уурхайн экспортын орлогоороо Хятадын төрийн өмчит компаниудаар дэд бүтцийн төсөлд ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, экспортоос орж ирэх ёстой валют Монгол Улсад орж ирэлгүй БНХАУ-д үлдэж байна. Монголоос гарсан ашигт малтмалын экспортын орлого бүхэлдээ буцаж орж ирэхгүй байгаагийн дээр экспортын орлогоор бартердсан томоохон дэд бүтцийн төслүүд нь эргээд импортын хэрэгцээг нэмж байгааг анхааруулсан юм.

Ипотекийн зээлтэй холбоотойгоор барилгажилт идэвхтэй явагддаг ч барилгын материалыг импортоор авдаг нь гадаад валютын нөөц шавхагдах өөр нэг шалтгаан болж байна гэлээ. 

ОУВС-гийн зүгээс Засгийн газар болон УИХ-д дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна.

-2023 оны төсөвт төсвийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын зардлыг танаж, төсвийн алдагдлыг бууруулах. Эс бөгөөс Монголбанк бодлогын хүүгээ дахиад өсгөхөөс өөр арга замгүй болж болзошгүй. Хэрэв бодлогын хүү өссөн тохиолдолд жирийн иргэд өр, зээлээ төлөх чадамжгүйд хүрнэ.

-Төсвийн хөрөнгө оруулалтаас шаардлагагүй төслүүдийг эргэн харж, эрэмбэлэх. Онцгой шаардлагагүй төслүүдийг зогсоох. Төсвийн хөрөнгө оруулалтыг ил тод болгох. 

-УИХ-аас төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох.

-Монголбанкны хэрэгжүүлдэг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг энэ оны эцсээр дуусгавар болгож, хэрэгжилтийг нь зогсоохыг зөвлөсөн байна. 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоохыг зөвлөв


Харин ОУВС-гийн зүгээс Засгийн газар 2023 оны төсвийн төслийн хүрээнд ХХОАТ-ыг шатлалтай болгох санал дэвшүүлснийг дэмжиж байгаа бөгөөд боломжийн орлоготой хүмүүс илүү татвар төлөх нь зүйтэй гэх уламжлалт байр сууриа илэрхийлсэн юм. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи энэ талаар  “Энэ нь валютын нөөц гадагшаа урсаж байгааг хумихад бодлогын дэмжлэг болж чадна” гэлээ. 

Мөн тэрээр “Чинээлэг бүлгийн өрхүүд өнөөгийн хямралыг өөрсдийн хуримтлалаараа давж гарах боломжтой гэж харж байна. Эсрэгээрээ ковидын үед ядуу, эмзэг бүлгийнхэн нэлээд цохилт амссан. Дээр нь инфляц өссөнөөр зорилтот бүлэг одоо ч хүнд нөхцөл байдалд байгаа” гэлээ.

Түүнчлэн Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх санал дэвшүүлснийг мөн зүйтэй гэсэн юм. ОУВС-гийн зүгээс ингэх зайлшгүй шаардлага үүссэн. Хүүхдийн мөнгийг хавтгайрсан байдлаар олгож байгаа нь чинээлэг бүлэгт илүү өгөөжтэй. Харин яг хүрэх ёстой зорилтот, ядуу өрхүүдэд төдийлөн хүрч чадахгүй байна гэж дүгнэж байна. Тиймээс чинээлэг өрхийн хүүхдүүдэд очдог байсан хүүхдийн мөнгөний хэмнэлтийг зорилтот бүлэгт илүү оновчтой олгох нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэсэн юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 09:12:02

Сэтгэгдэл бичих