Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Цусны хорт хавдартай залуу эмнэлэгт хуримаа хийсэн нь олон сая хүний сэтгэлийг хөдөлгөв

Цусны хорт хавдартай залуу эмнэлэгт хуримаа хийсэн нь олон сая хүний сэтгэлийг хөдөлгөв

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-09-09 14:03:18

Биеийн дархлааны тогтолцооны тунгалгийн системийг гэмтээдэг “Non-Hodgkin lymphoma” цусны хорт хавдар болон гэдэсний үрэвсэлт өвчнөөр өвдсөн 26 настай Зак Строупын гэрлэлтийн түүхийг өгүүлэх бичлэг цахим орчинд олон сая хүний хандалт авчээ.

Хосууд анх 2015 онд ахлах сургуульдаа танилцсан ба хэдэн жилийн дараагаас болзож эхэлжээ. Тэд бусад залуу хосуудын адилаар хамтдаа хөдөлмөрлөж, амьдралын төлөө хичээдэг байв. Зак Строуп даатгалын агентлагтай ба Мэдисон Строуп үсчний газар ажилладаг байжээ.

Зак Строуп “Би өмнө нь үнэхээр өөрийгөө эрүүл чийрэг гэж боддог байсан. Бодибилдингээр хичээллэдэг байлаа. Харин ерөөсөө эмчид үзүүлдэггүй байсан” хэмээн Today сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэд 2020 оны хоёрдугаар сард амралтаа хамтдаа өнгөрөөж байх үед Зак Строуп үе мөчөөр нь өвдөж, амархан ядарч, бие нь сульдаж, гэдэс нь байнга эвгүйрхэх зовууртай болсноо хэлжээ.

Ингээд эмнэлэгт хандсанаар тэрбээр гэдэсний үрэвсэлт өвчнөөр өвдсөнөө мэдсэн байна. Уг өвчин нь хоол боловсруулах замд хаван үүсгэж суулгах, ядрах, халуурах, хэвлийгээр өвдөх, хоол тэжээлийн дутагдалд орох, хэт турах эрсдэлд хүргэдэг аж. Зак Строуп уг өвчний улмаас зургаан сарын дотор 108 кг-аас 72 кг хүртэл туржээ. Тэрбээр эмчилгээгээ даруй эхлүүлж, тууштай үргэлжлүүлсэн ч үр дүнгүй, биеийн байдал нь дордсоор байв.

ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭЖ ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛСАН Ч ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛГҮЙ БОЛСОН ТЭР..

2020 оны арваннэгдүгээр сарын нэг өдөр Зак Строупын цээж асар хүчтэй өвдөн сэрж, улмаар оношилгоо хийлгэснээр хүзүүндээ гольфын бөмбөгний хэмжээтэй тунгалгийн зангилаа хавдсан байсныг мэджээ. Ингээд маш нарийн олон шинжилгээ хийлгэсний дараа тунгалгийн системийг гэмтээдэг “Non-Hodgkin lymphoma” цусны хорт хавдартай болсноо мэджээ.

Ингээд тэрбээр эрчимтэйгээр зургаан удаагийн хими эмчилгээ хийлгэсний дараа 2021 оны гуравдугаар сард биеийн байдал нь бага зэрэг тогтворжсон байна. Ингээд хосууд 2021 оны дөрөвдүгээр сард сүй тавьжээ.

Харин удалгүй бие нь дахин муудаж, тэргэнцэр дээр суух болов. Өдөр ирэх тусам бие нь дордож байсан ба хавдар тархинд нь тархжээ. Өвчинтэй тэмцэж өөрийгөө дайчилсан ч ирээдүйдээ итгэлгүй болсон Зак Струоп дахиж тэмцэх хүчгүй болсноо мэдэрч буй талаараа Мэдисонд хэлж, уйлжээ.

Тэд 2022 оны тавдугаар сард хуримаа хийхээр төлөвлөн, газраа сонгосон байв. Харин Мэдисон “Бид хорт хавдартай тэмцэж хоёр жилийг алдлаа. Гэхдээ энэ өвчин бидний хуримыг зогсоох шалтгаан, садаа болж чадахгүй” хэмээжээ. Цаг алдахгүйн тулд тэд эмнэлэгтээ хуримлахаар болов.

БҮСГҮЙ ХУРИМЫН ДААШИНЗАА ӨМСӨЖ, СУВИЛАГЧ НАР ТҮҮНД ТУСАЛЖ НҮҮР, ҮСИЙГ НЬ ГОЁЖ ӨГЧЭЭ

Бүсгүй хуримын даашинзаа өмсөж, сувилагч нар түүнд тусалж нүүр, үсийг нь гоёж өгчээ. Ингээд тэрбээр бэлэн болсныхоо дараа эмнэлгийнхээ цахилгаан шатанд сууж сүйт залуугийнхаа хэвтэж буй тасагт буув. Эмнэлгийн коридорт бүх сувилагч, хавдрын эмч нар, бусад мэс засалчид эгнэн зогсож залуу хосод баяр хүргэж аз жаргал ерөөжээ.  Зак Струопын биеийн байдал хэдийгээр тааруу байсан ч тэрбээр хуримын амлалтаа хамаг хүчээ шавхан хэлжээ. Цар тахлын үеийн хязгаарлалтаас улбаалаад залуу хосын хуримд зөвхөн аав, ээж хоёр нь л хүрэлцэн ирсэн аж.

Зак Струоп “Бидний хурим надад маш их эерэг энерги, итгэл найдвар өгсөн. Би бүх зүйлд бууж өгөхөд бэлэн байсан ч эхнэрийнхээ төлөө тэмцэхийг хүссэн. Ингээд тэр хоол ундаа сайн идэх болж, эмчилгээгээ үргэлжлүүлсэн ба энэ зургаадугаар сард ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Ингээд мэс засал амжилттай болсны дараа түүнийг эрчим эмчилгээний тасагт шилжүүлэв. Түүний бие тэнхрэхтэй зэрэгцэн Зак Строуп сэтгэлийн хямрал, дотор нь бугших үймээн самуунтайгаа тэмцэж байлаа.

Тэрбээр удаан хугацаанд эмнэлгээс гадаах орчныг хараагүй байв. Харин биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс анх гарахдаа сэтгэл нь хөдөлж зүгээр л машины зогсоол, салхинд найгах моддыг хараад асар их аз жаргал мэдэрч хөглөгдөн уйлснаа дурсжээ.

Тэрбээр хэдийгээр гэртээ байрлах боломжтой болсон ч байнга эмчийн хяналтайд айж, шаардлагатай эмчилгээнүүдээ үргэлжлүүлэх шаардлагатай юм.  

Шинэхэн гэрлэсэн хосууд хамтдаа хооллож, нэг орон дээр унтаж энгийн зүйлсээс аз жаргал, таашаал хүртэн амьдралын энгийн мөчийг ч хайрлан амьдарч байна. Ар араасаа хүврэх таагүй мэдээ тэдний амьдралыг харах өнцгийг маш их өөрчилсөн байна.

“Бидэнтэй адил ийм хүнд цаг үеийг давж буй хүмүүст урам зориг болохыг хүссэн. Энэ нь зөвхөн хорт хавдартай гэдгээр хязгаарлагдахгүй ба сэтгэлд хөндүүр олон шаналал, сорилттой тулсан хүн бүрд өөрсдийн түүхээ хуваалцаж хүч өгөхийг зорьсон. Юу ч болсон битгий сэтгэлдээ бууж өгөөрэй. Дараагийн хаалганы цаана юу хүлээж байгааг бид тааварлахгүй шүү дээ” хэмээн Зак Строупын гэргийг Мэдисон Строуп сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж:gogo.mn 

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-09-09 14:03:18

Сэтгэгдэл бичих