Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Монголд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэл хангаж байна

Монголд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэл хангаж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-10 14:42:56

УИХ-ын чуулган өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан нарын 2022 оны тавдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлд донорын  нас 25 байгааг багасгах эсэх, эрхтэн шилжүүлэх мэс заслын багийнханд илүү цаг болон урамшууллын зохицуулалтыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар, амьгүй донороос авах эд эрхтний тоог олон улсын жишигт нийцүүлэх эсэхийг илүүтэй лавлаж байлаа. 

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариултдаа, 2018 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад донорын насыг  25 байхаар тусгаж, баталсан. Олон улсын жишгээс харахад АНУ, ОХУ, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг оронд 18, Сингапур улсад 21 наснаас донор болдог гэдгийг онцлоод Донорын тухай хуульд оруулж буй гол хоёр өөрчлөлтийн нэг нь донорын насыг 21 болгон бууруулахаар зохицуулсан гэв.

Мөн тэрбээр, Нийгмийн бодлогын байнгын хорооноос  эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр нарийн, хүнд мэс заслыг олон цагаар хийсэн багийнханд илүү цагийн мөнгийг хангалттай бодож өгч чадахгүй, үндсэн цалингаа л авч байгаа асуудлыг хөндөн ярьж байсан.

Эрүүл мэндийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 5 хувьд хүртэл өсгөж, 1.4 их наяд төгрөгт хүрсэн ч эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээ цаг тухайд нь авч чадахгүй буйгаас эмнэлгийн багийнхан цалин хөлсөө хийснээрээ авах боломжгүйд хүрсэн.

Төлөөлөн удирдах зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын сан, эмнэлгийн санхүүгийн ажлын уялдаа холбооноос болж  цаг тухайд нь санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаа тул Байнгын хорооны 03 тоот тогтоолоор Эрүүл мэндийн сайдад энэ асуудлыг шийдвэрлэхэд хугацаатай үүрэг, чиглэл өгөөд байна гэв.

Ажлын хэсгээс, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 онд батлагдах хүрээнд эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Одоогийн байдлаар нийт 3800 гаруй амьгүй донорыг илрүүлэх ажиллагаа хийснээс донор болсон 24 тохиолдол байна. Энэ хугацаанд бид амьгүй донороос 31 хүнд бөөр, 21 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлгэсэн.

Бид нэг амьгүй донороос бөөр, элэг, шөрмөс авч, шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын III. I төв эмнэлгийн хамтарсан багаас бүрдсэн зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг байгуулагдаад, бэлтгэл ажлаа хангаж байна.
Нэг амьгүй донороос 8-10 хүнд амьдрал бэлэглэх боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар бид 4-5 хүнд амьдрал бэлэглэх, амьдралынх нь чанарыг дээшлүүлж байна хэмээн хариулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эд, эс эрхтэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд амьгүй донороос аль болох эд, эс, эрхтэн авахыг дэмжих ёстой гэсэн зарчмыг баримталж буй гэсэн нэмэлт тайлбар өглөө.

Байнгын хорооноос хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахаар бэлтгэсэн байсан ч хуралдаан даргалагчаас хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгснөөр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.               

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-10 14:42:56

Сэтгэгдэл бичих