Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
RALLY FOR RANGERS 2022: Перу Улсын байгаль хамгаалагчдад мотоцикл хандивлалаа

RALLY FOR RANGERS 2022: Перу Улсын байгаль хамгаалагчдад мотоцикл хандивлалаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-20 15:30:58

Монгол Улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд уул ус, амьд бодгаль бүхний төлөө амь биеэ үл хайхран зүтгэдэг байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд туслах нь Rally for Rangers хөтөлбөрийн зорилго юм. Тус аяны хүрээнд 2022 оны тавдугаар сард 15 ширхэг Honda брендийн мотоциклыг Өмнөд Америк тивд орших Бүгд Найрамдах Перу улсын байгаль хамгаалагчдад хандивлалаа.

Олон улсын мото спорт сонирхогчид хандив цуглуулж авсан мотоциклоо өөрсдөө унаад Мачу Пикчугийн түүхэн дурсгалт газраас эхлээд Андын нуруу, Амазоны сав газрын уулзварт орших Манугийн цэцэрлэгт хүрээлэнд нутагладаг биологийн олон янзын төрөл зүйл, дэлхийд цор ганц соёлын болон байгалийн баялгийг хамгаалдаг Перугийн байгаль хамгаалагчид хүргэн өгч, түлхүүр солилцжээ.

Rally for Rangers хөтөлбөрийг тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, өсвөр үе залуучуудад байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол экологи төв ТББ санаачлан хэрэгжүүлдэг билээ. Анх 2014 онд олон улсын мото спорт сонирхогчид Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын 15 байгаль хамгаалагчдад Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэх аян өрнүүлснээр тус хөтөлбөр эхэлсэн түүхтэй. Өдгөө Rally for Rangers аян өргөжин тэлж, жилд хоёр удаа гадаад болон дотоодын тусгай хамгаалалттай газруудад мотоцикл хандивладаг болжээ.

“Шалгаруулалтын хувьд бид эхлээд Монгол болон гаднын Тусгай хамгаалалттай газруудаас өргөдөл хүлээж авдаг. Дараа нь өргөдлүүдийг судлаж үзээд улсын төсвөөс дэмжлэг муутай, олон улсын хандивлагчдаас туслалцаа бага хүртдэг, эсвэл мотоциклгүй газруудыг сонгодог. Сонирхуулахад өндөр хөгжилтэй барууны орнууд ч хүртэл байгаль хамгаалалтын салбарт бага мөнгө төсөвлөдөг. Ялангуяа манайх шиг хөгжиж буй оронд хөрөнгө зарах маш олон салбар байдаг тул байгаль орчны салбарыг онцгойлон анхаарч үздэггүй шүү дээ. Энэ асуудалд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс бид энэ аянаа хэрэгжүүлдэг юм” хэмээн Монгол экологи төв ТББ-ын Гүйцэтгэх захирал Ё.Бадрал хэллээ.

2022 оны наймдугаар сард Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газарт, арван нэгдүгээр сард Бутан улсын байгаль хамгаалагчдад тус тус 15 мотоцикл хүргэж өгөхөөр бэлтгэл ажилдаа орцгоожээ.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон шат дараалал бүхий ажлуудыг хийдэг. Нэгдүгээрт, раллид явах мотоциклчид байгаль хамгаалагчдад хандивлах мотоцикл болон аяллын зардал болох 10 мянган ам.долларыг хувиараа босгох ёстой. Үүний тулд тухайн тусгай хамгаалалттай газар, байгаль хамгаалагчийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээж, сурталчлах хэрэгтэй болдог.

Хоёрдугаарт, DIRT буюу бартаат замын кросс мотоцикл сайн унадаг туршлагатай байх нь чухал. Учир нь мөнгө босгосон оролцогчид тухайн тусгай хамгаалалттай газар луу өөрсдөө мотоциклоо унаад явдаг. Жишээ нь энэ жилийн Монголын раллигийн оролцогчид Улаанбаатараас мотоциклоо унаад, гаргасан маршрутын дагуу Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудаар явж Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад мотоциклоо гардуулан өгнө.

Дашрамд дурдахад Петровис компани 2018 оноос хойш Rally for Rangers хөтөлбөрийг дэмжиж, ивээн тэтгэж буй бөгөөд Монголд болж буй раллид шаардагдах шатахууны зардлыг 100 хувь даадаг ажээ.

Эх орны маань онгон дагшин байгаль үеийн үед өвлөгдөн үлдэх болтугай.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-20 15:30:58

Сэтгэгдэл бичих