Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Э.Бат-Үүл:"Монголоо Беларусь Болгохгүй!"

Э.Бат-Үүл:"Монголоо Беларусь Болгохгүй!"

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-06 13:32:15
Нийслэлийн Ардчилсан намын /АН/ дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2022.05.06/ мэдээлэл хийлээ. Тэрбээр дайныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, Х.Баттулга Монголыг Беларусь шиг болгох гэж байна гээд "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулах талаар мэдэгдэв. 

Нийслэлийн АН-аас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна 

Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ хандан Нийслэлийн Ардчилсан нам сонордуулж байна.

Путины Украин улс руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, ингэхдээ өөрийн хөрш ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр толдорхой болсоор байна.

Орос улсын хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэдгийг Беларусийн туршлагаас Путин олж харсан юм. Тэгээд ардчилсан Украиныг Беларусь мэт болгохын тулд тус улс руу халдан түрэмгийлсэн билээ.

Үүгээр ч зогсохгүй Путин хөрш Монголын ардчиллыг "шүдэндээ зуун", чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад сууж байгаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлэв.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр гүжирдсэн цуурхал тараав. Боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр "цэргийн ажиллагаа" гээчээрээ манайд халдах гэсэн алсын санаа агуулсан юм биш биз хэмээн хардахаар балмад загнав.

Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Түүнийг дэмжиж, Путины "тавдугаар цуваа" болон хөдлөхөд бэлэн монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас авахуулаад Ардчилсан намын нэрийг барин, улс төрийн үйл ажиллагаа явуулж буй ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар харин уг түрэмгийллийг улайран дэмжиж байна.

Х.Баттулга Путины "тавдугаар цувааг" манлайлаад зогсохгүй путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулж, Ардчилсан намын жирийн олон гишүүнийг төөрөлдүүлэн, намын үйл хэргийг гажуудуулж байна. Тэрбээр ардчилсан намыг бүхэлд нь Путины "тавдугаар цуваа" болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой.

Монголыг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж байгаа нь Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаагаас бас харагдлаа.

Монголын прокурор, цагдаа Путины хүчний байгууллага шиг увайгүй загнан, улсынхаа Үндсэн хууль, хуулийг уландаа гишгэсэн нь Монгол Улсын бүрэн эрхт байдал руу халдсан тэвчиж болшгүй жигүүртэй хэрэг. Ийм хүмүүс манай төрийн албыг хаших эрхгүй билээ.

Иргэд ээ! Ардчилсан намын гишүүд ээ!

Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөх түүхийн дуудлагаар бий болсон нам билээ. Тийм болохоор үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний энэ үзэл санаа өнөөдөр дахин түүхэн сорилттой тулгарлаа.

Хэрэвзээ Х.Баттулга, Элчин сайд И.К.Азизов нарын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас ардчилал устаж, улмаар Монгол Улс бүрэн эрхт байдлаа алдан, Беларусь шиг тоглоомын дагуул улс болно. Монгол Улс, монгол хүн эрх чөлөөгүй, харийн хамжлагууд болно. Үүнийг эрүүл саруул ухаантай ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тэр тусмаа үндэсний эх оронч үзэлтэй жинхэнэ Ардчилсан намын гишүүд огтоос зөвшөөрөхгүй.

Тийм болохоор цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэн тэмцэцгээе. Путины Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе. Монголчууд украинчууд шиг эрэлхэг ард түмэн гэдгийг путинчүүдэд харуулъя. Сүхбаатарын талбай дээрээ эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглацгаая. Харь гүрний олигархиудын гар, хөл болсон олигархи Баттулгад сануулан цуглацгаая" гэжээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-06 13:32:15

Сэтгэгдэл бичих