Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд

Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-02 14:35:47

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХХХЯ, ХЗДХЯ, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох албаныхан хамтран хуульд батлуулахаар заасан журмуудыг боловсруулан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болжээ.

Шинээр хэрэгжиж эхэлж буй хуулиудын онцлох зохицуулалтыг танилцуулья: 

Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох юм. Уг хуулиар иргэдийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг таван төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ.

Түүнчлэн нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах, зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээллийг ойлгохоор тусгасан байна. Мөн төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй, төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг тус системээс авах, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаанд албаны цахим шуудан, нийтийн мэдээллийн систем ашиглах, хүн, хуулийн этгээдэд иргэний болон улсын бүртгэлийн дахин давтагдашгүй дугаараар хаяглан цахим шууданг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Хурууны хээг цаг бүртгэхэд ч ашиглахгүй

Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна. Төрийн байгууллага болон аль нэг хуулийн этгээд мэдээлэл цуглуулж боловсруулж ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, заавал зөвшөөрөл авдаг болсон. Мөн иргэн таны хурууны хээг ашиглан цаг бүртгэх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, худалдаа үйлчилгээ хэрэглэх зэрэг нь хориотой болсон. Үүгээр ч зогсохгүй дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байрлуулж болох болохгүйг хүртэл уг хуулиар зохицуулсан. Тухайлбал ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй чөлөөт байх эрхэнд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэг байрлуулахыг хориглож байна.

Тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Тус хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдлаа

Кибер аюулгүй байдлын тухай хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгажээ.

Түүнчлэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд, Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг Үндэсний төв, бусад иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг Нийтийн төв тус тус хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн байна.

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөрчлийн тухай, Харилцаа, холбооны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулжээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-02 14:35:47

Сэтгэгдэл бичих