Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Цагаан олимпын түүхээс - "КАЛГАРИ-1988"

Цагаан олимпын түүхээс - "КАЛГАРИ-1988"

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-01-26 17:33:19

“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.
*** *** ***
Канадчууд өвлийн олимпыг хүлээн авах гэж зургаан удаа бүтэлгүйтсэний эцэст 1988 онд зорилгодоо хүрчээ. 1981 онд Зүүн Германы Баден Баден хотод болсон ОУОХ-ны 84-р чулганаар тэд Шведийн Фалун, Италийн Кортинад’Ампеццог ялсан юм. Сүүлийн шатанд Калгари 48, Фалун 31 санал авчээ. Хожим олимпын хөтөлбөрт багтсан кёрлинг, фристайл, шорт-трекийн төрөл энэ удаа үзүүлэх тоглолтоор орсон байна.
Нийт 57 орны 1423 тамирчин (үүнээс 301 нь эмэгтэй) оролцсон нь өмнөх олимпын дээд амжилтыг эвджээ. Канадчууд олимпын наадмыг зохион байгуулахад 829 сая канад доллар зарцуулсан нь урьд өмнө зохиогдсон өвөл, зуны бүх олимпыг давж гарсан үзүүлэлт байв. Тэд түүхэнд байхгүй их зардал гаргасан ч 100 сая америк долларын ашиг олсон байна. Гэхдээ Канадын нэгэн сонин 100 саяын ашиг гэдэг нэлээн дэгэсдүүлсэн тоо хэмээн бичсэн удаатай.
Канадчууд телевизийн гэрээний эрхийг NBC телевизэд 309 сая ам.доллараар зарж, “Сараево-84”-ийн рекордыг дахин эвджээ. Түүнчлэн олимпын наадам гурван амралтын өдөр дамнан 16 хоногийн турш явагдсан нь хамгийн урт өвлийн олимп болж түүхэнд үлдсэн юм.
Тэд нээлтийн ажиллагааг урьд өмнө үзэгдээгүй нүсэр шоу болгов. Нийт 10 сая ам.доллар зарцуулсан ёслолын ажиллагаанд 5500 жүжигчин оролцжээ. Энэхүү арга хэмжээг 1.5 тэрбум хүн цэнхэр дэлгэцээрээ шууд үзсэн тооцоо гарсан байна.
Канадчууд ийнхүү хөрөнгө мөнгөөр хангалттай “зодсон ч” цаг агаарын хүндрэлийг яах ч аргагүй байв. Тухайн үед Калгарид дулаахан өвөл болж, хамгийн хүйтэндээ 0 градус хүрч, зарим үед 20 хэм хүртэл халж байв. Цанын тэмцээнийг явуулахын тулд хиймэл цас ашигласан бол бобслей, чарганы мөсөн зам хайлж, тэмцээн явуулахад хүндрэл учруулж байв. Үүнээс болж тэмцээн хойшлох тохиолдол нэг бус удаа гарчээ.
Ямайкийн дөрвөн хүнтэй бобслейн баг амжилт гаргаж чадаагүй ч олны анхаарлын төвд байв. Хэвлэл мэдээллийнхэнтэй илэн далангуй харьцаж, хүссэн асуултад нь хариулт өгөх тэднийг олимпын наадмын хамгийн хөгжилтэй оролцогчоор нэрлэсэн юм. Хожим тэдний тухай өгүүлсэн “Хатуу эргэлт” кино үзэгчдийн хүртээл болжээ.
Түүнчлэн Британийн трамплины тамирчин Эдди Эдвардс “Цанын спортын түүхэн дэх хамгийн тааруу нисэгч” хэмээх алдрыг энэ олимпоос авлаа. Тэрбээр трамплины хоёр төрөлд хоёуланд нь сүүлийн байр эзэлсэн бөгөөд газарт буусны дараа шувуу далавчаа дэвэх мэт хөдөлгөөн хийж олныг хөгжөөжээ. Үүнээс болж тэрбээр “Бүргэд” хочтой болсон юм. Хаалтын ёслолын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч “Олимпын үеэр зарим тамирчин алтан медаль авч, зарим нь дэлхийн рекордыг эвдэж, зарим нь бүргэд шиг нислээ” гэж байв. ОУОХ-ны ерөнхийлөгч нэг тамирчныг тусгайлан онцолж үг хэлсэн анхны тохиолдол энэ байлаа.
Олимпын дараа ОУОХ-ноос “Эддигийн дүрэм” гэгчийг гаргав. Энэ дүрмийн дагуу олимпод оролцох тамирчин тусгай нормативыг биелүүлж, эрхээ авч байхаар болжээ. “Амжилт гаргахаасаа илүү оролцох нь чухал” гэсэн Кубертиний үг орчин үед ийн өөрчлөгдсөн түүхтэй.
Гэхдээ дээрх дүрэм гарах үед Эдди хэдийнэ домог болоод байв. Калгаригийн олимпын дараа тэрбээр гэмтэл авч спортоо орхисон бөгөөд олонд танигдсан нэр нүүрээ ашиглан телевизийн шоу, рекламанд тоглох болжээ. Мөн “Нис, Эдди нис” нэртэй дуу нь Британид хит болж байсан гэдэг. Гэвч энэ тамирчин олсон мөнгөө замбараагүй үрснээс болж 1992 онд дампуурлаа зарлахад хүрчээ. 2016 онд түүний амьдралаас сэдэвлэсэн “Eddie the Eagle” кино бүтээгдсэн билээ.
Олимпын наадмыг харлуулсан зүйл уулын цанын тэмцээний үеэр тохиолдсон. Австралийн багийн эмч Йорг Оберхаммер уулын бэлд байсан телевизийн нэгэн техниктэй мөргөлдөн амиа алджээ. Түүнчлэн тэшүүрийн 500 метрийн гол фаворит Америкийн Дэн Женсен уралдаан болохоос хэдхэн цагийн өмнө эгчийгээ нас барсныг сонсов. Энэ нь түүний гулгалтад нөлөөлж, уралдааны үеэр унан медалиас мултарчээ. Түүнчлэн 1000 метрийн уралдаанд тэрбээр дэлхийн рекордыг эвдэх хэмжээнд хурдалж байсан ч дахиад л тэшүүр дээрээ тогтож чадсангүй. Энэ алдарт тамирчин Калгаригаас зургаан жилийн дараа л олимпын анхны алтан медалиа авсан байна.
“Калгари-1988”-ын цөөнгүй аварга хожим цаг бусаар хорвоогийн мөн бусыг үзүүлсэн харамсалтай түүх бий. Уран гулгалтын спортын хосод түрүүлсэн Зөвлөлтийн С.Гриньков олимпоос долоон жилийн дараа бэлтгэл дээр зүрх нь хаагдсан бол цанын 30 км-ийн аварга А.Прокуроров 2008 онд автомашины ослоор нас барсан юм. Түүнчлэн Зөвлөлтийн шигшээгийн хаалгач Е.Белошейкин 1999 онд амиа хорлож, Финландын трамплины тамирчин М.Нюканен нэгэн найзыгаа санамсаргүй хөнөөсөн хэргээр хоёр жил шоронд хоригдож байв.
Хар бараан мэдээний хажуугаар сайн сайхан зүйлс ч их байлаа. Зүүн Германы үзэсгэлэнт гулгагч Катарина Витт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, олимпын аварга цолоо хамгаалав. Италийн А.Томба уулын цанын хоёр төрөлд түрүүлж, их амжилтын гараагаа эхэлсэн. Хожим тэрбээр Туриний олимпод тамирчдын тангараг өргөсөн билээ. Зүүн Германы тэшүүрч бүсгүй Криста Ротенбургер 1000 метрт түрүүлж, 500 метрээс мөнгөн медаль зүүсэн бөгөөд үүнээс хэдэн сарын дараа Сөүлийн зуны олимпоос дугуйн спринтийн төрөлд аман хүзүүдсэн байна. Ингэснээр тэрбээр нэг жилийн дотор өвөл, зуны олимпоос медаль авсан анхны тамирчин болжээ. Мөн Нидерландын тэшүүрч Ивонн ван Геннип гурван алтан медаль авч, энэ олимпын гол баатраар тодорлоо.
Олимпийн хоккейн тэмцээнд ЗХУ-ын баг ээлжит алтан медалиа авав. Тэд эхний шатанд тав дараалан ялсан ч удаах даваанд Финландад 2:1-ээр бүдрэв. Гэхдээ фин хоккейчид эхний даваанд Шведтэй 3:3-аар тэнцсэн нь гай болж, мөнгөн медаль дээр буужээ. Оросын шигшээгийн ихэнх тоглогч хожим NHL-д амжилттай тоглосон юм.
Монголчууд Калгаригийн олимпод цанын төрлөөр хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, нийт гурван тамирчинтай оролцов. Эрчүүдийн 15 км-ийн уралдаанд З.Ганбат 62, Д.Баттулга 69-р байрт орсон бол 30 км-т З.Ганбат 72, Д.Баттулга 69-т, 50 км-т З.Ганбат 57, Д.Баттулга 60-р байр эзэлсэн юм. Харин ганц эмэгтэй тамирчин Д.Энхээ 5 км-т 50, 10 км-т 48, 20 км-т 51-р байр эзэлсэн үзүүлэлтээр олимпыг өндөрлүүлжээ.
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.ЗХУ 11 9 9 29
2.БНАГУ 9 10 6 25
3.Швейцар 5 5 5 15
4.Финланд 4 1 2 7
5.Швед 4 - 2 6
6.Австри 3 5 2 10
7.Нидерланд 3 2 2 7
8.ХБНГУ 2 4 2 8
9.АНУ 2 1 3 6
10.Итали 2 1 2 5
11.Франц 1 - 1 2
12.Норвеги - 3 2 5
13.Канад - 2 3 5
14.Югослав - 2 1 3
15.Чехословак - 1 2 3
16-17.Япон - - 1 1
16-17.Лихтенштейн - - 1 1
Нийт 46 46 46 138
May be an image of 6 people and text that says 'f SLTONOY @Olympic.mn CCC CCP 2 зху-ын хоккейчид 6 дахь алтаа авлаа зевлелтийн шигшээ олимпын наадамд найман удаа оролцож, зургаад нь ΤΥΡΥΥΛΕэΗ нь энэ байлаа'

May be an image of 2 people and text

May be an image of 1 person and text
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-01-26 17:33:19

Сэтгэгдэл бичих