Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
​О.Батбаяр: Монголд Омикроны давлагаа нэг сарын дараа эхэлж, халдварын тоо эрс нэмэгдэнэ

​О.Батбаяр: Монголд Омикроны давлагаа нэг сарын дараа эхэлж, халдварын тоо эрс нэмэгдэнэ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-14 10:31:42

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяртай Омикрон хувилбарын тархалт, судалгааны талаар ярилцлаа.

-Зорилтот иргэдийн 66.3 хувь нь бүрэн тундаа, 25 хувь нь нэмэлт тундаа хамрагджээ. Тэгэхээр дотор орчинд маскаа зүгээд гадуур маскгүй явж болох уу?

-Дэлхий дахинд Омикрон хувилбарын давлагаа эхэлж байгаатай холбоотой маскны ач холбогдол өндөр болсон. Омикрон нь халдварлах чадвараараа Дельта хувилбараас гурав дахин их. Тэгэхээр маскаа гадаа ч, дотор ч тогтмол зүүх хэрэгтэй. Мөн хүнгүй газар маскаа түр авч, агаар сэлбэж болно.

Саяхан Хонгконгт хоёр тусдаа өрөөнд тусгаарлалтад байсан хүмүүс Омикроны халдвар авсан байна. Ийм өндөр халдварлах чадвартай учраас гадна орчинд ч халдварлах эрсдэл байж магадгүй.

-Омикрон хувилбарын сүүлийн үеийн шинэ судалгаа юу байна вэ?

-Их Британийн Засгийн газрын судалгаа бий. Их Британиудын дийлэнх нь АстраЗенека, Фпайзерын бүрэн тунтай. Ийм бүрэн тунтай хүмүүст лабораторийн орчинд туршиж үзэхэд тус хоёр вакцины хамгаалах нөлөө нь бага байсан. Тухайлбал, Омикроны эсрэг АстраЗенека вакцин 10-аас бага хувь, Фпайзер вакцин 40-өөс бага хувь хамгаалж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүн дээр нэмэлт тун хийхэд Омикроны эсрэг АстраЗенека 71 хувь, Фпайзер 76 хувь болж нэмэгдэж байна.

Фпайзер компаниас мөн судалгаа хийсэн. Тус судалгаагаар хоёр болон гурван тунтай иргэдийн биен дэх Омикроны эсрэг биетийн хэмжээг үзсэн байна. Тэгэхэд гурав дахь тунгаас нэг сарын дараах эсрэг биетийн хамгаалах чадвар нь хоёр дахь тунгийн нэг сарын дараах эсрэг биетийн хамгаалах чадвараас өндөр гарсан. Өөрөөр хэлбэл, хоёр дахь тунгаас нэг сарын дараах дархлаа нь Омикроноос хамгаалах чадвар сул байна гэсэн үг. Тэгэхээр нэмэлт тунг зайлшгүй хийх шаардлагатай.

Мөн Израилийн судалгаагаар гурав дахь тун нь Омикроноос 90 орчим хувь хамгаалж байна гэсэн үр дүн гарсан.

-Монголд Омикрон орж ирэх нь тодорхой. Гэхдээ ойролцоогоор хэзээ байх бол?

-Нэг сарын дараа гэхэд Омикроны давлагаа дэлхийн олон улсад эхлэхээр байна. Тиймээс үүнд бэлдэх ёстой. Хэдийгээр энэ хувилбарын шинж тэмдэг хөнгөн байгаа ч халдварлах чадвар өндөр учир олон хүн өвдөнө. Өвдсөн олон хүн дотроос вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны хүмүүс, хавсарсан өвчтэй хүмүүс хүндрэх нь нэмэгдэнэ.

Их Британи гэхэд зөвхөн Омикроны давлагаанд 75 мянган хүн нас барна гэсэн судалгаа хийж байна шүү дээ. Манай улс Омикроныг хил дээрээ хянасан ч ороод ирвэл арванхоёрдугаар сарын сүүлээр шинэ жилийн хүлээн авалтуудаар олон хүн өвчлөх эрсдэлтэй.

Их Британид зул сарын хүлээн авалтад олон хүн халдвар авсан. Манай улсаас маш олон хүн гадагшаа явж байгаа учраас Омикрон хувилбар орж ирж, шинэ жилийн хүлээн авалтад олон хүн халдвар авч, тэр нь цаашаа халдварыг өргөн тархааж, том давлагаа энэ оны сүүлээр үүсэх эрсдэлтэй байна. Тиймээс хил гааль, хөл хөдөлгөөнөө тодорхой хэмжээнд хязгаарлах шаардлагатай. Үүн дээр нэмээд иргэд нэмэлт тундаа зайлшгүй хамрагдах хэрэгтэй.

-Омикрон ороод ирвэл хэчнээн хүн халдварлах вэ, тооцоо гарсан уу?

-Омикрон ороод ирвэл өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо сүүлийн Дельта хувилбарын давлагаанаас дутахааргүй их байна. Эхлээд ганц хоёр хүн бүртгэгдээд, 2-3 хоног тутамдаа халдварын тоо 2-3 дахин нэмэгдэнэ. Бусад улс орнуудад тохиолдлын тоо бараг л геометр прогрессээр өсч байна. 

-Омикроны давлагаа гарахаас сэргийлж шинэ жилээр амарч магадгүй гэж байсан. Та бүхнээс ийм санал өгсөн үү?

-Үгүй. Одоогоор тийм зүйл яригдаагүй байна. Яг давлагаа ороод ирсэн цагт л түүнийг ярина. Давлагааг хязгаарлахгүй бол эрүүл мэндийн салбарын ачаалал их байна. Тэд ядарчихсан, сэргэлт авч амжаагүй байна. Тархалтыг хязгаарлахад тодорхой арга хэмжээнүүдийг тухайн үедээ авах байх.

-Ярилцсанд баярлалаа.

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-14 10:31:42

Сэтгэгдэл бичих