Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" үргэлжилж байна

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" үргэлжилж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 14:44:58
НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг үндэсний чуулган 2021” арга хэмжээг өнөөдөр /2021.12.08/ зохион байгуулж байна.

Чуулганыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэллээ. Мөн Үндэсний чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ илгээв. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл саад болж буйн нэг нь авлига. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байгаа. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо оролцож, илтгэл тавилаа.

Түүний илтгэлд “Төрийн албан хаагчдын дунд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдох, шударга бусаар давуу тал олж авах зэрэг хууль бус үйлдлүүд байсаар байна.

“Транспарэнси Интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч нийт 180 улс, орноос 110-т эрэмбэлэгдсэн нь маш чамлалттай үзүүлэлт. Шалгуур үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд өмнөх онтой адил оноо авсан ч таван байраар ухарчээ.

Төрийн байгууллагуудын ойлголтын зөрүү, ажлын арга барилын ялгаа байгууллагуудын соёл, ажлын чиг үүргийг нэн тэргүүнд тавьдаг зэргээс шалтгаалаад авлигатай тэмцэх ажлыг хойш нь татаж байна.

Ерөнхий сайдын 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн 120 тоот захирамжаар авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа.

Төлөвлөгөөнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх зэрэг нийт дөрвөн том чиглэлийн хүрээнд 50 арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Транспарэнси Интернэшнл” зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

“Авлигын эсрэг үндэсний чуулга-2021” арга хэмжээ нь 4 салбар хэлэлцүүлгээр үргэлжлэх юм. Үүнд:

  1. Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа
  2. Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
  3. Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
  4. Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн

Авлигын асуудлаар өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлуудаа нийгмийн оролцогч талууд ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай. Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог энэхүү Үндэсний чуулган олгож байгаагаараа онцлогтой.

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 14:44:58

Сэтгэгдэл бичих