“Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 33 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байдаг.
Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг болсон юм.
Манай улсын хувьд ч жил бүр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2021 онд тус өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриан дор сургалт, зөвлөгөөг зохион байгуулж байна.
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар хэрхэн халдварладаг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөв мэдлэгтэй байх нь энэхүү халдвараас сэргийлэх хамгийн чухал зам юм. ХДХВ/ДОХ-ын халдварлах зам болон урьдчилан сэргийлэх арга замын талаар 15-49 насны таван эмэгтэй тутмын нэг нь (23.3 хувь), эрэгтэйчүүдийн 23.1 хувь нь зөв мэдлэгтэй байгаа ч энэ нь хангалтгүй үзүүлэлт юм.
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах хандлагыг үнэлэх зорилгоор “Хэрэв ногооны худалдагчийг ДОХ-ын халдвартай гэж мэдвэл түүнээс ногоо худалдаж авах уу” гэсэн асуултад эрэгтэйчүүдийн 52.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 54.5 хувь нь ХДХВ-ийн халдвартай худалдагчаас ногоо худалдаж авахгүй гэжээ. Энэ нь Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байгааг илтгэж байна.
Сэтгэгдэл бичих