Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
​Европ тив “Ковид-19”-ийн халдварт дахин нэрвэгдэв

​Европ тив “Ковид-19”-ийн халдварт дахин нэрвэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-11-18 13:24:24

Европ тив даяар “Ковид-19” халдварын тоо нэмэгдэх болсон тул вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоохоос эхлээд үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхлэв.

Словакт халдварын үзүүлэлт эрс нэмэгдсэнээс эмнэлгийн ачаалал ихэссэн учир вакцинд хамрагдаагүй хүмүүст шинэ хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаа талаар тус улсын ерөнхий сайд Эдуард Хегермэдэгдэв.Вакцинд хамрагдаагүй иргэдийг худалдааны төв, бялдаржуулах төв, усан бассейн, зочид буудлаар үйлчлүүлэхийг хориглож, спорт гэх мэт олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохыг хориглох болно.Словакын 5.5 сая хүн амын ердөө 45 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.

Итали 12 дугаар сард болох баяраас өмнө халдварын үзүүлэлтүүдийг сааруулахын тулд ногоон паспортын журмыг чангатгаад байна.Шинэ хязгаарлалтуудын хүрээнд зорчигдчын хэн нэгэнд халдварын шинэ тэмдэг илэрсэн тохиолдолд галт тэргийг зогсоож, таксины бүх жолоочоос хүчин төгөлдөр ногоон паспорттой байхын шаардахын сацуу арын суудалдаа хоёроос илүүгүй зорчигч тээвэрлэх ёстой болжээ.Тус улс нь халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо Европтоо Их Британийн араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Украинд өдөрт халдварын 832 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст 1000 гривна буюу ойролцоогоор 33 евро олгох болсныг мэдэгдэв. Нийт 41 сая хүн амын20-28 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан Украинд сүүлийн долоо хоногт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байна.

Өнгөрсөн даваа гаригаас Австрид вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоолоо. арваннэгдүгээр сарын 15-ны шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн энэхүү журмын дагуу 12 болон түүнээс дээш насны иргэдийг ажил, хичээлдээ явах, хүнсний дэлгүүр орох зэргээс бусад тохиолдолд гадуур гарахыг хоригложээ.Мөн цагдаагийн эргүүлүүдийн тоог нэмэгдүүлж, зөрчил гаргасан хүмүүсийг 1450 хүртэлх еврогоор торгох юм. Австрийн Канфлер Александр Шалленберг одоогийн нөхцөл байдлаас гарах цорын ганц арга зам нь нэмэлт вакцинжуулалт гэдгийг цохон тэмдэглэжээ.Тэрбээр хүн амын 64 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад буйг маш сул үзүүлэлт хэмээсэн бөгөөд Австрид өнгөрсөн долоо хоногт 100 мянган хүн тутамд 849.2 шинэ тохиолдол илэрсэн байна.

Германд сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд 303 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Берлин хотыг хамардаг Бранденбург муж вакцинд хамрагдаагүй хүмүүсийг зоогийн газар, музей зэрэг үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглосон хэд хэдэн мужийн нэг болоод байна. Германд намрын уламжлалт баярын амралтын дараа халдварын үзүүлэлт эрс нэмэгдэж эхэлсэн байна. Удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Канцлер Ангела Меркель бямба гаригт вакцин хийлгэх эсэхээ шийдээгүй байгаа хүмүүст хандан дархлаажуулалтад хамрагдахыг уриалжээ. Түүнчлэн хүндхэн цаг үе ирж буйг анхааруулсан байна.

Нидерландад “Ковид-19”-өөр халдварласан хүмүүсийн тоо нэг дахин нэмэгдэж хамгийн олон буюу 16364 тохиолдол илэрсний дараа Засгийн газар гурван долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоож, шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад 20 цаг хүртэл ажиллах шаардлага тавьжээ. Нийт 17.5 сая хүн амтай тус улсад насанд хүрсэн хүн амын 84 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсаныг үл харгалзан халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон юм. Хөл хорио тогтоох шийдвэр гарсны дараа хойд нутгийн Леуварден хотын төв талбайд олон зуун залуус эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.

Бельгид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо долоо хоногт 30 хувиар нэмэгдэж байна. Иймд Засгийн газар “Ковид-19”-ийн тархалтыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тухай хуралдааныг баасан гаригт товлоод байсныг лхагва гаригт болгон урагшлуулаад байна. Бельгид сар орчмын өмнөөс халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн тул Засгийн газар хэдхэн долоо хоногийн өмнө сулруулаад байсан хязгаарлалтуудаа дахин тогтооход хүрсэн юм. Гэвч халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөр тутам 10 мянгаас дээш тохиолдол илэрчээ.

Швейцарьт баасан гаригт халдварын 4000 орчим шинэ тохиолдол илэрсний дараа “Ковид-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга Танжа Стадлер энэ өвөл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо 30 мянгад хүрч болзошгүйг анхааруулжээ. Тус улсын хүн амын 64.9 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа ч вакцинд үл итгэгчид дархлаажуулалтын хөтөлбөрийг эсэргүүцэн жагсаж, Цюрих зэрэг хотод цагдаа нар вакцинжуулалтын төвүүдийг хамгаалахад хүрчээ.

Болгар нь “Ковид-19”-ийн улмаас нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүр жагсаж байгаа юм. Тус улсад сая хүнд ногдох нас барсан тохиолдлын үзүүлэлт 283.68 байгаа бөгөөд халдвар үргэлжлэн тархсан хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Болгарын эмнэлгүүд яаралтай бус бүх мэс заслыг түр хугацаагаар хойшлуулж, “Ковид-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байна.Мөн сургуулиудын сургалтыг танхимаар үргэлжлүүлэхийн тулд хүүхдүүдийг долоо хоног тутам шинжилгээнд хамруулах шийдвэрийг эцэг эхчүүд эсэргүүцэж байна. Түүнчлэн ногоон паспортыг эсэргүүцсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Болгарт вакцинжуулалтын түвшин дөнгөж 23 орчим хувьтай байна.

Румынд Болгарын нэгэн адил халдвараар нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж, нийслэлийн төв эмнэлгийн цогцос хадгалах газар дүүрчээ.Итали, Герман, Унгар, Автри, Польш зэрэг Европын таван орон хүнд өвчтөнүүдийг нь хүлээн авч эмчлэх саналыг Румынд тавиад байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гаригт хүнд хэлбэрээр өвчилсөн Румыны дөрвөн иргэнийг Итали руу илгээжээ. Серби нэгдүгээр сарын эхэн үеэс олон янзын вакцин татан авсан хэдий ч вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн үзүүлэлт тавдугаар сараас хойш саарч, 43 хувьтай хэвээр байна. Долоон сая орчим хүн амтай тус улсад есдүгээр сарын дунд үеэс хойш өдөрт дунджаар таван мянгаас дээш тохиолдол илрэх болоод байна.

Хорватад халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болсноос шалтгаалан сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. 4.2 сая хүн амтай тус улсад вакцинжуулалтын явц зогсонги байдалд ороод байсан ч мягмар гаригт 15 мянган хүн эхний тундаа хамрагдсан байна.

Грект халдварын тав дахь давлагаа дэгдээд байна. Тус улсад сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 6710 тохиолдол илэрч, Салоники, Волос зэрэг хотын эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний тасгийн орнууд дүүрчээ.Засгийн газар, Эрүүл мэндийн яам вакцинжуулалтыг эрчимжүүлэх, улсын эмнэлэгт сайн дураараа тусламж үзүүлэхийг хувийн эмнэлгүүдээс хүсэх зэргээр холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Латви өнгөрсөн сараас 20-05 цагийн хооронд хөл хорио тогтоож, ихэнх дэлгүүрийг хааж, энтертайнмент, спорт, соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг хориглосон юм. Эдгээр хязгаарлалтуудын хэрэгжих хугацаа даваа гаригт дууссан бөгөөд Засгийн газар арга хэмжээнүүдээ шинэчилж, вакцинд хамрагдсан, халдвараар өвчлөөд эдгэрснийг батлах гэрчилгээг бүх төрлийн үйлчилгээ авахад нэвтрүүлж байна. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөнө.

Данид халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон тул баасан гаригаас “Ковид-19”-ийн цахим гэрчилгээг дахин хэрэглэж эхлэхээр болжээ.Улмаар ирэх сараас шөнийн клуб, кафе, зоогийн газраар үйлчлүүлэхдээ хүчин төгөлдөр гэрчилгээгээ заавал үзүүлэх шаардлагатай болно. Мөн 15-аас дээш насны иргэд гадаа талбайд зохион байгуулагдөх 2000-аас дээш хүнтэй үйл ажиллагаанд оролцоход “Ковид-19”-ийн гэрчилгээ шаардах юм байна.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж:DNN.MN

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-11-18 13:24:24

Сэтгэгдэл бичих