Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Энхийг сахиулагч амиа хорлоход хүргэсэн ДАРГА НАРТ ЯЛ оноолоо

Энхийг сахиулагч амиа хорлоход хүргэсэн ДАРГА НАРТ ЯЛ оноолоо

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-11-10 12:33:15

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдэд ял шийтгэлээ. Тэд Өмнөд Судан улсад явуулж буй UNMISS ажиллагаанд оролцож байхдаа багийнхаа нэг энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт холбогдсон юм.

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 800 хүнтэй энхийг сахиулах батальоны IX ээлжийн багийн захирагч, зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Штабын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зун тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Б.Баттүвшин, тус багийн III мотобуудлагын ротын захирагч Э.Ганбат, ротын сургагч ахлагч Б.Сэргэлэн нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.4-1-т заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн.

Дотоодын цэргээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Д.Г-ыг цэргийн багийн захирагч тэргүүтэй дээрх гурван алба хаагч “Цэргийн баазад бол сон явдлыг ар гэртээ хэлсэн. Ар гэрийнхэн нь ЗХЖШ-т гомдол гаргасан байна. Хараалын үг хэлэхгүй байснаас болж цэргийн алба хаагч нар эмзэглэдэг болжээ” гэх мэтээр дарамталж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, Д.Г-ыг гутаан доромжилсон. Мөн цэргийн багийн захирагчийн дэргэдэх зөвлөлийг хуралдуулалгүйгээр салаа, тасгийн захирагч нарын тушаалыг бууруулж, үндэслэлгүйгээр шийтгэн сэтгэл санааны хямралд оруулсан. Энэ мэт байдлаас болж Өмнөд Суданы хойд Лийч мужийн Бентью хотод байрлах Монгол Улсын зэвсэгт хүчний “Хубилай” баазад 2020 оны зургадугаар сарын 21-ний 05.00 цаг өнгөрч байхад дотоодын цэргийн алба хаагч Д.Г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж тэднийг буруутгасан билээ.

Түүнчлэн Э.Ганбатыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд ротынхоо хоёрдугаар салааны дарга Д.Олонхүү, ротын ахлагч, сургагч ахлагч Б.Сэргэлэн нарын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор ирсэн дэд ахлагч Д.Т-ийг дэд ахлагч Н.Лтэй маргаж, зодолдсон гэх шалтгаанаар таван шийдвэр гүйцэтгэгчийг зодож, халуун наранд хантааз, дуулгатай нь зогсоосноос нэг нь ухаан алдсан. Ийнхүү цэргүүдтэйгээ дүрмийн бус байдлаар харилцаж, дэглэсэн. Дээрх ротын сургагч ахлагч Б.Сэргэлэнг Д.Г-ыг амиа хорлоход хүргэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн энхийг сахиулагчдыг дэглэснээс гадна 2020 оны зургадугаар сарын 16-ны салааныхаа буудагч, дэд ахлагч Б.Б-ийг хуваарьт хичээлд хамрагдаагүй гэх шалтгаанаар зодсон үйлдэлд буруутгасан юм. Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ хэргийг хэлэлцэн, шүүгдэгч Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял оноогоод Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсгийн “бусдыг амиа хорлоход хүргэсэн” гэм буруутайд тооцож, Б.Баттүвшинд гурав, Э.Ганбат, Б.Сэргэлэн хоёрт жил зургаан сар хорих ял оноожээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Б.Баттүвшинг нэг жил, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг зургаан сар хорихоор болжээ.

Шүүх ийнхүү энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэснээрээ цэргийн багийг бүрдүүлэгч зэвсэгт хүчний офицерууд нь төрийн цэргийн бусад байгууллага буюу дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагынхныг гадуурхдаг, дээрэнгүй харилцдаг, дэглэдэг гэдгийг батлав.

 

Бэлтгээсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-11-10 12:33:15

Сэтгэгдэл бичих