Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Сиамын ихрүүдийн сонирхолтой түүхээс

Сиамын ихрүүдийн сонирхолтой түүхээс

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-26 09:23:43

1987 оны есдүгээр сарын 6-нд америкийн Балтимор хотод орчин үеийн түүхэнд анх удаа сиамын ихрийг салгах мэс ажилбар хийжээ. Энэ өдрөөс өмнө хүн төрөлхтөн ийм мэс засал хийх аргыг хэрэглэж байсангүй. Тийнхүү түүхэн дэх хамгийн нэрд гарсан сиамын ихрүүдийн амьдралын тухай баримтууд танд гайхал, гайхширал төрүүлэх болов уу.

Чанг, Энг Бункер хоёр

Ах, дүү Чанг, Энг Бункер хоёр Сиамд (өнөөгийн Таиландад) 1811 онд төржээ. Чухамхүү энэ явдлын дараа буюу биеийнхээ хэд хэдэн хэсгээр нийлсэн ихрийн төрсөн газартай холбоотойгоор “сиамын ихэр” гэсэн нэр үүссэн түүхтэй.


Британийн худалдаачин Роберт Хантер гэгч ах, дүү хоёрын хувь тавиланг өөрчилжээ. Энэ эр ихэртэй тааралдсанаар тэднийг Англи руу авч явсан байна. Тийнхүү Ченг, Энг хоёр Англи орноор, дараа нь АНУ-аар явж, өөрсдийн авъяас чадвар, нийлсэн биеэ үзүүлдэг байжээ.

Тэд охидын эцэг, эх нь эрс эсэргүүцэж байсан хэдий ч, хоёр бүсгүйтэй гэрлэсэн байна. Тэдний дунджаас 20 гаруй хүүхэд төржээ. Энг, Ченг хоёр  өөрсдийг нь салгаж өгөхийг эмч нараас нэг бус удаа гуйж байсан ч,  тэд учирч болох үр дагаврын төлөө хариуцлага хүлээхээс эмээж байсан байна. Тийнхүү ах, дүү хоёр амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл нийлээстэй хэвээр байжээ. 1874 онд ихрийн өрөөсөн нас барсны дараа нөгөө нь бас гурван цаг амьд байсан гэдэг.

Милли, Кристина Маккой хоёр

 

Энэ эгч, дүү хоёр 1851 онд америкийн Хойд Каролина муж улсад төржээ. Милли, Кристина хоёр боолчуудын гэр бүлд төрсөн байна. Хувь тавилан сонирхолтой нь аргагүй эргэж, тодруулвал  1862 онд эзнийгээ нас барсны дараа охид түүний хүүгийн мэдэлд шилжсэн бөгөөд хоёр ихэр охин бол хоёр толгойтой, дөрвөн гартай, дөрвөн хөлтэй л болохоос биш нэг л бүсгүй гэсэн яриа чухамхүү тэгэхэд гарчээ. Эгч, дүү хоёр тайзнаа тоглож, дуулж, бүжиглэдэг байсан нь  цөөхөн ч гэсэн хүмүүсийн дунд тэднийг нэлээнд богино хугацаанд алдаршуулсан байна.

Кристина, Милли хоёрыг Хоёр  толгойт алтан гургалтай хэмээн холчилдог байж.  Боолын ёсыг халах үеийг хүртэл тэд олны дунд асар их нэрд гарч,  нэлээдгүй хөрөнгө зоорьтой болж, янз бүрийн хөгжмийн зэмсэг тоглож сурсан байна. Боолын ёсыг халсны дараа Милли-Кристина хоёр бие даан аялан тоглож, өөрсдөө чамгүй мөнгө олдог болжээ.

Тэд 58 нас хүрээд шоу-бизнесээ орхисон байна. Хоёр эмэгтэйн нэг нь эхлээд, харин 17 цагийн дараа нөгөө нь нас барахад тэд 61 настай (1912 он)  байжээ.

Византын ихэр

Харин илүү эртний тохиолдол гэвэл, энэ нь 10 дугаар зууны үеийн сиамын нэргүй ихэр гэнэ. Тэд хүүхэд насандаа хэрхэн амьд үлдсэн нь сонин бөгөөд гэхдээ тэр үеийн хэд хэдэн түүхч тэдний тухай бичиж үлдээсэн байдаг байна. Тэр үед биеийн гаж хөгжлийг  муу ёр хэмээн үзэж, тэгээд ч гажиг биетэй олонхи хүүхэд үхэж үрэгддэг (эсвэл амийг нь хорлохыг зөвшөөрдөг) байж.

Ихэр Арменд төрж, бүр насанд хүрсэн хойноо Константинопольд иржээ.  Энэ сиамын ихэр зүгээр нэг алдар цуутай болсон төдийгүй, ордныхонд  хүндлэгдэж, удалгүй хөдөө нутгаар явж, өөрсдийн гаж биеийг үзүүлдэг болсон байна. Энэ нь дундад зууны үеийн нэг ёсны аялан тоглолт байж л дээ.


Хуучны судар бичигт бичиж үлдээснээр, ах, дүү хоёрын нэгийг нь нас барсны дараа домч нар тэднийг салгахаар оролдсон нь түүхэн дэх анхны ийм төрлийн мэс засал болжээ. Харамсалтай нь, ихрийн өрөөсөн нь ердөө хоёр өдөр амьд байжээ.

Унгарын эгч, дүү хоёр

Хелен, Жудит  гэдэг энэ хоёр ихэр 1701 онд Унгарт төрсөн байна. Тэд нуруу, бэлхүүсээрээ нийлсэн төржээ. Бүр нярай байхад нь ихрийг Европын орнуудаар авч явж, эмчид үзүүлдэг байсан аж.


Харамсалтай нь, эмч нар биеийн энэ гаж байдлын шалтгааныг эс олсон ч,  тэд ердийн байдлаар аж төрсөөр байжээ.  Жулит, Хелен хоёр хэд хэдэн гадаад хэл сурч, олны өмнө дуулж, бүжиглэж, 9 нас хүрэхдээ сүмд очиж, тэнд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг  өнгөрүүлжээ. Ихэр 22 настайдаа сүмдээ нэг өдөр нас барсан байна.

Жованни, Жакомо Точчи хоёр

Ах, дүү Жакомо,Жованни хоёр Италийн нэг жижигхэн хотод 1875, 1877 оны хооронд төрсөн байна. Ихрийн эцэг нь нярай хүүхдүүдээ хараад, мэл гайхширч, тэднийг төрснөөс хойш нэг сарын дараа солиорчээ. Өрхийн тэргүүн Точчи үлдсэн амьдралаа Италийн өмнөд нутагт нэг сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн байна.

Ихэр хүүхэд насандаа Европоор аялан тоглолт хийж, энэ үеэр олсон мөнгөөрөө Америкт очиж, 5 жилийн дараа Венецид ирж суурьшжээ. Хоёр залуу бусдын нүднээс далд байхаар шийдсэн байна. Тийнхүү тэд олны хөлөөс зайдуу нэгэн харшид суух болсны дараа сураг чимээ тасарч,  Жованни, Жакомо хоёр цаашид хэрхэсэн тухай ямар ч баримт сэлт үлдээгүй байна.

Эгч, дүү Блажек

Богемийн (өнөөгийн Чех улс) Роза, Жозефа хоёр 1878 онд төржээ. Тэр хоёрын бие нийлсэн эмгэг нь харин ч гайгүй байсан бөгөөд гэхдээ бас өвөрмөц тохиолдол байж.  Тэдний аарцагны яс нэг байснаас салгах мэс засал хийх боломжгүй байжээ.

 

Эгч, дүү  Блажекийн нэг нь 1909 онд жирэмсэн болж, 1910 онд хүү төрүүлснээрээ олонхи ийм хүнээс ялгаатай байжээ. Хүүхдийн эцэг ямар хүн байсан нь одоо болтол тодорхойгүй гэнэ.

Тэр хоёрын хэн нь ч  хүүхдийн эцэг хэн болохыг огт хэлдэггүй байж. Тийнхүү хүүхэд эцэггүй өсч,  ээж, эгч хоёрынхоо аялан тоглолтын үед тэднийг байнга дагаж явдаг байсан байна.

Ориссын эгч, дүү

Охин Радика, Дудика Нейк хоёр 1888 онд Энэтхэгийн Оррис хотод төрж, өөрийн ухаангүй шахуу болсон эцэг нь цээжин биеэрээ нийлсэн охидыг муу ёр хэмээн үзэж, өөрөө тэднийг салгахаар шийдсэн байна. Гэвч охидын дотор эрхтнүүд нь зүсэлт хийхээр төлөвлөсөн биеийн хэсэгт маш ойрхон байрлалтай байсан учир, салгах боломжгүй байжээ.


Тийнхүү хоёр охиныг Ахмад Колман гэгчид худалдсан байна. Шоумен энэ хүн  ер бусын хүмүүс, амьтад болон элдэв сонин үзэгдлийг эрж олохоор дэлхийгээр аялан явдаг байжээ.  Тэгээд ч  ихэр охидыг жинхэнэ олз хэмээн үзсэн байна. Эгч, дүү Нейкийн  Европоор хийсэн аялан тоглолт жинхэнэ  дуулиан тарьж, харин 1902 онд Дудика сүрьеэгээр өвчилж,  эмч нар Радика охиныг аврахын тулд тэднийг ямартай ч салгахаар шийджээ. Парисын  Жен Дойен  гэдэг эмч мэс засал хийсэн байна.

Мэс засал амжилттай болсон ч, Дудика удалгүй сүрьеэгээр нас баржээ. Радикад энэ өвчин мөн тусч, мэс заслаас хойш бас нэг жил амьд байсан байна. Парисын доктор Дойен ихэр охидыг салгах мэс заслын явцыг баримтжуулж үлдээжээ. Одоо энэ тухай бүтээсэн кино нь  бүр 19 дүгээр зуунд ийм мэс засал хийж эхлэж, сиамын ихрүүдийг салгаж болох юм байна гэдгийн шууд нотолгоо болсон байна.

Виолетта, Дейзи Хилтон

Виолетта, Дейзи гэдэг энэ хоёр охин 1908 онд Их Британид төржээ. Тэд биеийнхээ доод хэсэг буюу өгзөгөөрөө нийлсэн байж. Тэд биеийнхээ энэ гажигт огтхон ч түүртдэггүй байсан бөгөөд “Зэрэмдэгчүүд” гэдэг киноны гол дүрд тоглосноор нэрд гарсан байна.  1937 онд тэдний долоо хоног бүрийн орлого 5 мянга гаруй долларт хүрч, харин тэдний хайр дурлалын тухай мэдээ, материал сонинуудын эхний нүүрэнд нийтлэгддэг байжээ.


Ихэр эгч, дүү хоёр хайр дурлалын явдалтай хэд хэдэн удаа орооцолдож, Виолетта нь Морис гэгч эртэй сүй тавьсан ч, тэдний гэрлэхийг зөвшөөрөөгүй байна. Харин Дейзи  жүжигчин Гарольд Эстер гэгчтэй гэрлэсэн ч,  ердөө хэдхэн өдрийн дараа салжээ. Тэдний нэг нь хүүхэд төрүүлж, түүнийг нэг жирийн айлд үрчлүүлсэн гэцгээдэг байж.

Виолетта бүжигчин  Жеймс Муртэй гэрлэсэн хэмээн эгч, дүү хоёрын PR-менежер 1941 онд хэвлэлийнхэнд хэлж байжээ. Гэвч энэ нь хуурамч гэрлэлт байсан бөгөөд Мур ижил хүйстэн байсан учир, хоёр долоо хоног шахамын дараа тэд салсан байна.

1932 онд  эгч, дүү Хилтон “Гажигууд” кино, дараа нь 1951 онд “Эгнэгт өөр бологсод” кинонд тогложээ. Сүүлчийнх нь намтарчилсан кино байсан бөгөөд энэ кинонд Виоллета, Дейзи хоёрын бодит амьдралын тухай өгүүлдэг байна.

1955 он гэхэд эгч, дүү хоёр тайз, киноны урлагийг орхиж, өөрийн гэсэн талхны газар ажиллуулсан ч, энэ бизнес нь элдэв дуулиан дагуулж эхлэсэн байна. Тэр хоёрыг рэкет хийх зэрэг элдэв ов мэх гаргасан хэмээн буруутгажээ. Тийнхүү  тэд Шарлотт гэдэг жижигхэн хотод өөр ажил эрхлэж, амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл нэг даруухан жижиг байшинд сууж байжээ.

Ах, дүү Година

Симплисио, Лусио хоёр 1908 онд Филиппинд төрсөн байна. Тэд бэлхүүс, нуруугаараа нийлсэн төржээ. Тэдний нэг онцлог гэвэл, хоёр жаалын булчин маш уян хатан учир, бие биеийнхээ өөдрөөс эгц  харж чаддаг байсан байна.


Тэд бидний танилцуулсан олон хүний адил тайзнаа тоглож эхлэсэн бөгөөд 1928 онд ихэр эгч, дүү хоёртой гэрлэжээ. Цорын ганц хэцүү асуудал  гэвэл, сиамын ихэр хоёр өөр хүн гэдгээ  шүүхэд нотлох шаардлагатай байж. Эцсийн дүнд  шүүхийн шийдвэр ах, дүү Годины талд гарч, хоёр хос нэг өдөр хуримласан байна.

1936 онд Лусиогийн уушиг үрэвсэхэд, тэднийг салгахаар шийджээ. Харамсалтай нь түүнийг нас барсны дараа өдөр мэс засал хийж, Симплисио мэс заслаас хойш нугасны үрэвсэл  нь сэдэрснээр 12 өдрийн дараа нас барсан байна.

Маргарет,  Мэри Гибб

Эгч, дүү Гибб  америкийн Массачусетс муж улсад төржээ. Маргарет, Мэри хоёрын эцэг, эх охидоо бусдад эс үзүүлж, эмч нар ч бүр эрт дээр нь мэс засал хийлгэхийг санал болгож байсан ч, ихрийг салгах ийм мэс ажилбар хийлгээгүй байна.


Охид 14 хүртлээ гэрээр сурч, харин 15 нас хүрэх үедээ жүжигчний мэргэжилд хүч сорихоор Нью-Йоркт нүүн очиж, тэгээд ч ийм мэргэжилтэй болжээ. Тэд 20 гаруй жил театрын тайзнаа болон циркт тоглосон байна

Тэдний аль нэг нь сүй тавьсан гэх яриа хэвлэлд нэг ч удаа гарч байгаагүй байна. Харин эгч, дүү хоёрыг удахгүй салгаж, мэс засал хийх өдрийг ч товлосон гэх яриа цөөнгүй гардаг байж.  Гэвч энэ бүх мэдээ нь ердөө л цуурхал байсан байна.  Ийм мэдээ нь эгч, дүү хоёрыг нэр цуутай болоход л тус болж, харин элдэв хайр дурлалын асуудал гэгч нь ердөө л рекламын арга байжээ.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-26 09:23:43

Сэтгэгдэл бичих