Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Зохиолч Г.Соёлгэрэл: Нэг найз маань намайг зохиол шигээ сонин, этгээд гэж байсан

Зохиолч Г.Соёлгэрэл: Нэг найз маань намайг зохиол шигээ сонин, этгээд гэж байсан

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-10-04 16:08:50

Сүүлийн үед уншигчдыг байлдан дагуулж буй зохиолч Г.Соёлгэрэлтэй ярилцлаа. Үеийнхнээсээ нэлээн хожуу уран бүтээлээ туурвиж эхэлсэн тэрээр "Оройхон гараад ширүүхэн дайрах"-ын үлгэрээр энэ талбарт хүч түрэн орж ирсэн гэхэд болно. "Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн" өгүүллэгийн номоо 2016 онд олны хүртээл болгосон зохиолч бүсгүй маань 2017 онд "Сахиусан тэнгэрийн нулимс", "Гаслант усан дусал" адал явдалт туужууд, 2018 онд "Тэргүүн хатагтай" романы нэгдүгээр боть, "Эрвээхэй дэвсэн зун" өгүүллэгийн ном, "Айкугийн илбэ", "Нисдэг Айку" хүүхдийн цуврал ном, 2019 онд "Өстний өвөрт", 2020 онд "Рэкет" адал явдалт роман, 2021 онд "Хормогчоо тайлж Хорвоотой танилц" хувь хүний хөгжлийн номоороо уншигчдыг байлдан дагуулаад байгаа юм. Ингээд бүсгүй зохиолчтой хийсэн ярилцлагаа сонирхуулъя.

No description available.


-Есдүгээр сарын дундуур болсон номын баярын үеэр хүмүүсийн хөл тасрахгүй цувж байсан цөөхөн асрын нэг нь яалт ч үгүй таных байсан...

-Баярлалаа. Номын баяр маань жилд хоёр удаа болохоор хуульчлагдаж,. бид нэгэнт "Үндэсний номын баяр" гэдэг сайхан баяртай болжээ. Номын баярт олон удаа оролцоод ирэхээр зарим уншигчтай танил, дотно ч болж байна. Энэ баярт ирсэн уншигчид маань "Шинэ ном гарсан уу?" гэж үргэлж асуудаг. Миний зохиол бүтээлийг уншдаг хүмүүсийн ихэнх нь "Би бүгдийг нь уншчихсан шүү дээ" гэж хэлэхийг сонсоод надад тусалж байсан найз маань гайхсан шүү. Ер нь бол дараагийн номын баяраар уншигчиддаа, намайг зорин ирдэг хүмүүст шинэ номоор бэлэг барина гэсэн итгэл, урам зориг эрч хүч авдаг. "Хамгийн дуртай баяр чинь ямар баяр вэ?" гэж асуувал одоо хүмүүс "Номын баяр" гэж хариулах байх шүү.

-Та номын баярт хэд дэх удаа оролцож байна вэ?

-Анхны ном болох "Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн" өгүүллэгийн номоо 2016 онд гаргаад оролцож эхэлсэн. Тухайн үед асар аваагүй урдаа нэг номоо тавиад л сууж байв. Шуурайн Солонго зохиолчийнхоо дэргэд номоо тавьчихсан "Надаас хүн ном авах болов уу" хэмээн ичингүйрсэн, нэг тиймэрхүү л дүр зурагтай эхэлсэн санагдаж байна (инээв).

No description available.


-Номын баяр гэхээр зохиолч, яруу найрагч нар номоо хөнгөлөлттэй зарах ёстой юу?

-Тэр өдрүүдэд баярын ямар гоё уур амьсгал бүрдсэн байдаг гэж бодно. Номын дэлгүүрүүд хүртэл номоо хямдруулдаг. Шинэ ном тэвэрч, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүмүүс талбай дүүрэн явдаг. Тэр өдрүүдэд уншигчид зохиолч нартай ямар ч цензургүйгээр нүүр тулан уулздаг учраас бид уншигчдадаа номоо бэлэглэхийг, хямдруулахыг хүсдэг. Номын дэлгүүрээс ном авах, номын баяраас ном авах хоёр өөр болсон шүү дээ. Гарын үсэгтэй ном авах, зохиолч, яруу найрагчидтай зурагаа хамт авахуулах, зохиолчтой уулзах, уншигчиддаа барих сэтгэлийн бэлэг гээд олон арга хэмжээ баярын өдрүүдэд өрнөдгийг хүмүүс сайн мэддэг болсон.

-Ер нь таны бодлоор номын баяр ямар байх ёстой вэ?

-Одоо бол энэнээс илүү сайхан байна гэж юу байх вэ дээ гэж боддог. "Номын ертөнц"-ийн чадварлаг хамт олон болон тэргүүлэгч Сувдаа маань маш өндөр төвшинд зохион байгуулж байна шүү дээ. Шинэ номын нээлтүүд, хямдрал, зохиолчидтой уулзалт, ярилцлага, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг хүмүүст ойртуулж, таниулж, сурталчилсан ном, сэтгүүл хэвлүүлж байна. Өөр олон арга хэмжээ болдог. Би л лав шинэ зүйл хэлж, толгой хүрэхгүй юм байна ( инээлээ).


No description available.

-Таны нэг ширхэг номыг нэгэн бүсгүй 100 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн байх аа? -(дахин инээгээд)

- Чи пост харжээ? "Сүүлд гарсан ном маань 15 мянган төгрөг шүү" гэсэн чинь "Та хямдралгүй үнээ хэлээрэй" гэхээр нь их гайхсан шүү. Тэгсэн данс руу маань 100 мянган төгрөг шилжүүлчихээд "Амжилт хүсье" гээд инээмсэглээд яваад өгсөн. Хайртай зохиолч нь номоо хямдруулаад өөрөө зарчихсан зогсож байгааг хараад хайрласан байх л даа. Зохиолчид баян биш л дээ. Номоо өөрсдөө л хэвлүүлнэ, мэдээж ном зарагдаж байж дараагийн бүтээлээ санхүүжүүлэх үүсвэртэй болно. Зарим хүмүүс наймаа хийдэг гэх өнцгөөс харсан шүүмжлэл ч харсан. Зохиолчид гэдэг үргэлж адлуулдаг, ядуу нэгэн байдаг цаг үе өнгөрсөн гэж хэлмээр санагддаг. Ёстой юу вэ, хэн дуртай нь доромжилж, шүүмжилж байдаг. Номоо зарахаар зарлаа гэнэ. Юмыг өөр өнцгөөс хардаг сайхан цаг ирсэн шүү дээ. Зохиолчид өлсгөлөн явдаг цаг ард хоцорсон гэж хэлмээр байдаг. Гэвч бид уншигчдадаа хайртай. Ном авахад нь нэг номоо бэлэглэх гэж тэмүүлнэ. Ном уншдаг хүмүүст зохиолч номоо бэлэглэх нь бас л номын баярын утга учир юм. Уншигчид ер нь зохиолчдыг маш их хүндэлж, хайрладаг хүмүүс. Тэр номыг нь тэгж, ингэж догдолж уншсан гээд л нүдэнд харагдтал ярина. "Зохиолчоо харсан чинь ямар гоё юм бэ" гээд л хоолой нь зангирдаг улс шүү дээ. Тийм зүйл олон тохиолддог.

-Таны бодлоор ямар бүтээл чинь уншигчдад илүү хүрсэн бол?

-Мэдээж бүх номоо л нэрлэнэ шүү дээ. Яагаад гэхээр уншигчид бүгдийг нь уншсан байдаг юм. Харин одоо уран бүтээл хийхэд номын баяр их түлхэц болдог болж. Номын баяраар ирсэн уншигчид шинэ ном л хүсэж ирнэ. Шинэ номгүй сууж байвал "Бүгдийг нь уншчихсан шүү дээ" гээд бүр дэргэд санаа алддаг гээч. Тэр үед өөрийгөө зэмлэдэг. Шинэ номоо гаргахгүй удахаар уншигчид маань бараг гомдоллоно. "Хүлээгээд л байгаа шүү" гээд сануулаад л байдаг.

-Таны зохиолууд "Өстний өвөрт", "Гаслант усан дусал", "Сахиусан тэнгэрийн нулимс" гээд содон нэртэй юм...

-Нэг найз маань "Чи зохиол шигээ сонин этгээд хүн" гэж хэлж байсан шүү. Зан чанар, хувцаслалт гээд л мэдрэгддэг гэнэ билээ. Хүмүүс ч ""Хормогчоо тайлж, хорвоотой танилц", "Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн" гээд энгийн хэрнээ содон нэрнүүдтэй" гэдэг.

-Зохиолын сэдвээ хэрхэн олдог вэ? "Энэ зохиолыг би бичсэн юм шүү дээ" гэж өөрөөрөө бахархах бас онгирох сэтгэл хааяа төрдөг үү?

-Юун онгирох?! Би онгирохоос маш их ичдэг. Мундаг зохиолчдын дэргэд онгирох шиг тэнэг зүйл гэж юу байх вэ.Уншигчид маш их урам өгдөг болохоор хааяа баярлалгүй яах вэ дээ. Тэд маань "Өстний өвөрт"-ийг магтана, бахдана. Бас ""Тэргүүн хатагтай" гоё зохиол шүү" гээд л ярина. Тэгээд уншаагүй өөр зохиол нь байвал баярлаад л аваад явдаг. Сэдвийн хувьд яг л бэлэг шиг л хүрээд ирнэ. Би бэлэг авсан мэт баярладаг. Тэр үед зохиолоо бичих шиг жаргал үгүй шүү.

-Зохиолынхоо үйл явдлыг хэрхэн цааш нь дэлгэрүүлдэг вэ?

-Уран зохиол гэдэг хүний сэтгэлд нөлөөлж хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Уншигчид нүдэнд харагдтал бичсэн байдаг гэж их ярьдаг. Тэгэхээр зохиолч зохиолийг уран зураг шиг л дүрслэн бичдэг. Зохиолын үйл явдалд зохиолчийн хэлэх гэсэн санаа агуулагдаж байдаг. Сайн зохиолыг дүр нь аваад явчихдаг гэж ярьдаг. "Дүр гэдэг амьтай зүйл" гэж томчуудаас сонсож явлаа. Ерөнхийдөө урсаад л байдаг юм. Зохиол гэдэг бичихээр улам сэргээд, зохиолдоо хөтлөгдөөд байдаг сонин зүйл шүү дээ.

-Та хэдэн настайгаасаа зохиол бичиж эхлэв? Анхны зохиол чинь...

-Арван жилдээ "Хойчийг залгамжлагч" сонины өсвөрийн сурвалжлагч болж байлаа. Оны тэргүүн бичлэгийн шагнал ч хүртсэн. Ангид "Пионерийн үнэн" сонины шинэ дугаар ирэхэд миний шүлэг нийтлэгдсэн байдаг байв. Тухайн үед тэр сонинг хүүхэд болгон захиалдаг байсан юм. Сүүлд "Хойчийг залгамжлагч" нэртэй болсон. Тэр сонинг уншдаггүй багш, сурагчид гэж байгаагүй. Мэдээж тэр үеэс л бичдэг байлаа. Дараа нь долоо хоног тутмын ТВ сэтгүүлүүдэд өгүүллэгүүд маань нийтлэгддэг болсон. 2016 онд "Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн" анхны өгүүллэгийн номоо хэвлүүлсэн дээ.

-Тэгвэл уран бүтээлийн багш чинь...

-Зохиол бичихэд багш байх ёстой гэж асуугаад байна уу? Надад ямар юмных нь багш байх вэ. Хүн өөрөө амьд ном гэж боддог. Хичнээн мэргэн багш нараар заалгаад юу ч сурдаггүй хүмүүс байдаг. Тийм учраас өөрийгөө дайчилж, мэргэн багш, зохиолчид, эрдэмтдийн номыг уншиж толгойдоо л юм хийх хэрэгтэй. Түүнээс өөр чамайг чиглүүлэх аврал гэж үгүй. Харин сайн редактор зайлшгүй хэрэгтэй. Би утга зохиолы анги төгсөөгүй шүү дээ. Анхны номоо гаргахдаа нэг ч зохиолч таньдаггүй байлаа. Тэр үедээ Шуурайн Солонго зохиолчийг фэйсбүүкээс олоод холбогдож байсан юм. Миний номнуудыг гоё болгодог хүн маань редактор Баттуяа маань. Зохиолчид шинэ номоо танилцуулахдаа редактороо заавал танилцуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайн ном тэр хүний шүүлтүүрээр орж л хэвлэлтэнд ордог учраас заавал дурьдах ёстой зүйлсийн нэг. Одоогоор ганцхан редактортой хамтарч ажилладаг. Тиймээс редактортаа баярлаж явдаг даа.

-Ихэнх зохиолч шүлэг, яруу найргаар уран бүтээлийнхээ гарааг эхлэх нь бий. Харин та шууд л үргэлжилсэн үгээс...

-Би чинь нэг хэсэг фэйсбүүкэд шүлгүүдээ нийтэлсээр байгаад олон фэнтэй болчихсон шүү дээ. "Арвайбархан" хэвлэлийн газраас "Та олон уншигчтай юм байна. Номоо хэвлүүлээд үзээч" гэж санал тавихад "Нээрээ ном гаргавал яадаг бол" гэсэн сэдэл төрсөн юм. Дараа нь "Арвайбархан"-ы захирал "Таныг шүлгийн ном гаргана гэж бодож байтал эсрэгээр үргэлжилсэн үгээр дагначихсан. Сонин шүү" гээд инээж байсан. Тэгэхээр бусдын л адил шүлэг оролдож эхэлсэн байгаа биз? Харин шүлэг нэлээн байсан болохоор тэдгээрээсээ "Сахиусан тэнгэрийн нулимс" номондоо оруулсан шүү.

-Эротик өгүүллэг бичдэг үү?

-Бичнэ ээ, бичнэ. Нууц нэрээр хоёр ч цуврал гаргасан. Заримдаа "Өстний өвөрт"-ийнхөө нэрийг хэлэхээс ичдэг хүн чинь хоёр цувралаа нэрээрээ гаргаж чадахгүй юм билээ. Яагаад ийм төрлөөр бичиж болохгүй гэж. Зарим уншигч сонирхож уншдаг юм билээ, эротик зохиолыг.

-Монголд арай л олон зохиолч байх шиг...

-Би номын баяраар "Манай зохиолчид цөөхөн юм аа. Хэдхэн асарт хуваагдаад суучихсан" гэж боддог. Чи хүний хөгжлийн төрлөөр бичдэг хүмүүстэй хольж ойлгоод байх шиг байна. Зохиолчид бол цөөхөн шүү. Нэг номын баяраар ирээд надтай асруудаар яваад тоолоод үзээрэй. Харин хувь хүний хөгжлийн талаар бичсэн ном бол олон шүү дээ. Бас орчуулгын ном их байгаа. Тэгээд ч олон ном гарч буйд юундаа эмзэглэнэ вэ. Ганц нэгхэн ном гаргаад нэрээ татаж байгаа хүмүүс ч бий. Энэ бүхнээс бяд нь хүрэхгүй бол өөрөө жагсаалаас гардаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ч уншигчид асар ухаантай шүү дээ. Тэд юу уншихаа, юу уншихгүйгээ маш сайн мэднэ. Уншигчгүй хүн тэртэй тэргүй бууж өгнө. Ямар мөнгө үрэхийн дон туссан биш дээ.

-Онгодын талаарх таны бодол...

-Онгод гэж байна аа. Онгодоос гадна анхаарал төвлөрөх гэж бас чухал зүйл бий болов уу гэж боддог. Би хоол хийж байхдаа, зурагт үзэнгээ, хөгжим сонсонгоо, бага хүү маань хажууд ирээд юуг ч юм бэ зогсоо чөлөөгүй ярьж ахуйд бичиж л байдаг юм. Тиймээс онгодоо оруулна гээд цав цагаан, тансаг, чимээгүй өрөөнд цор ганцаараа суугаад бичихийг хэлдэггүй байх гэж боддог. Тухайн зохиолчийн бүтээлч байдлыг бас онгод гэж хэлж болно. Хүмүүс надаас их асуудаг л даа, "Зохиолоо байнга боддог уу?", "Яг одоо зохиол бодогдож байна уу?" гэж. Би "Зохиол бичээгүй үед надад юу ч бодогддоггүй. Яг бичиж байх үед би аандаа хөглөгддөг. Бусад үед бусдын л адил" гэж хэлдэг. Тэгэхээр би өөрийгөө "Анхаарал төвлөрсөн үед зохиолынхоо дүрд сайн ордог нэгэн байж магадгүй" гэж боддог юм.

-Таны онгод хэзээ ордог вэ?

-Нөгөө дээд тэнгэрээс онгод ирнэ гэж хүлээвэл тэрэн шиг үлгэрийн зүйл гэж үгүй. Би дээр хэлсэн дээ, авьяас дээр нь бүтээлч байдал гэж. Бас та анхаарал төвлөрөхдөө муу нэгэн бол зохиол бичнэ гэдэг юу л бол. Хүмүүс зохиол бичих орчин байдаг мэт ойлгох нь бий. "Олон өрөөтэй баян айл биш л бол ширээ, сандал олдвол зүгээр л бич" гэж зөвлөе. Гэхдээ зохиолч гэдэг авьяас гэж нэмж хэлье. Яагаад гэхээр чи түрүүн хэтэрхий олон зохиолч байна гэж гоншгоноод байсан биз дээ. Уучлаарай, би детектив бичдэг болохоороо жаахан атаман хэллэгтэй шүү. Тэгж хааяа ч гэсэн ойлгуулж байхгүй бол хүмүүс зохиол бичих амархан мэтээр ойлгож мэдэх юм. Мөн зөвхөн үйл явдал хөөдөг мэтээр ойлгодог хэсэг ч бий. Энд тэнд зохиол нийтлээд, олон уншигч шавуулаад байгаа зарим хүмүүсээс авьяас чинь хаана байна вэ гэж асуумаар санагддаг шүү.

-Эмэгтэй зохиолчдоос хэн хэнтэй дотно байдаг вэ?

-Залуу зохиолчидтой найз шүү. Ер нь номын баярт олон оролцохоор бүгдтэй нь сайхан танилууд, дотно болж байгаа. Эмэгтэй зохиолчид цөөхөн учраас бүгдийг нь танина гэж хэлж болно оо.

-Та Дарханых юм билээ. Бага насныхаа талаар дурсаач...

-Яруу найрагч, зохиолч Өлзийтөгс Дарханд өнгөрүүлсэн бага насныхаа тухай их бичдэг шүү дээ. Түүнийг уншихад яг л миний бага нас нүдний өмнө жирэлзээд сэтгэлд бүүдийсэн дүрсүүд тодроод ирдэг. Би Өлзийтөгсийн номнуудыг унших дуртай. Ном тэврээд хэвтэх маш гоё тайтгарал, тийм ээ? Чи бас тэгж үзсэн биз дээ? Өлзийтөгс зохиолч манай аавын шавь болохыг номноос нь мэдсэн. Аавыг минь Гүүгэл багш гэж онцлоод л бичсэн байдаг. Би ямар их баярласан гээч. Тэр дурсамжийг хэзээ ч мартахгүй байх. Багадаа би онц сурлагатан, даруухан охин байлаа. Зохиолч болсон гэхэд үеийнхэн маань бүгд хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг. Тиймдээ ч "Аргагүй шүү дээ. Онц сурдаг, мундаг охин байсан юм чинь" гэж тэд дурсдаг."Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх ийм л гайхалтай" гэж би "Хормогчоо тайлж..." номондоо энэ тухай дурсаж бичсэн удаатай.

-Өөрийн гэсэн уншигч фэнүүдтэй болсон эмэгтэй зохиолчийн нэг бол та. Тэднээс танд янз бүрийн бэлэг сэлт их ирдэг байх...

-Харин би бэлэгний тухай ярих гээд л байлаа. Уншигчид ном авч байж дээрээс нь бэлэг өгөөд тийм л уяхан хүмүүс шүү дээ. Намайг уншигчид маань маш их догдлуулдаг. Би тэднээсээ чин сэтгэлийн маш их бэлэг авдаг. Уншигчид, зохиолчид бие биедээ нэг тийм ер бусын сэжмээр холбогддог. Тэр нь мэдээж хайр. "Хорвоогийн хамгийн гайхалтай бэлэг бол хайр" энэ тэр гээд би ч уянгалах дуртай шүү.

-Саваагүй гэмээр зүйл асууя. Зохиолыг чинь уншаад хайр сэтгэлээ илчилсэн эрчүүл хэр олон бол?

-Нөхөртэй бүсгүйгээс зарим зүйл битгий асууж бай. Хувь хүний орон зай гэж маш том авдар байдаг. Тэр авдарт тааварлашгүй олон зүйл бий. Хүмүүс хорвоогоос буцахдаа энэ авдраа үүрээд буцдаг гэж би боддог. Сонин байгаа биз.

-Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?

-Детектив цуврал бичиж байна. "Тэргүүн хатагтай" романыхаа хоёрдугаар ботийг дуусгаад, хэвлэлтэнд өгөх гэж байна.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Үргэлж л ном уншдаг шүү дээ. Сүүлд улаан, ногоон хавтастай хос ном уншсан гэхээр тааварлаж байна уу? Тэнд миний багын дурсамжууд маш их хөвөрсөн, сэтгэл ч догдолсон, ухаарал ч авсан. Тэндээс "Зохиолчид нь хүртэл сээлфийддэг болсон цаг үед" гэдэг мөр надад их содон үлдсэн шүү. Би сээлфийддэг зохиолчдын тоонд орно. Угаасаа дижитал эрин зуун юм чинь хоцрогдвол амьдрал уйтгартай болно шүү дээ.

-Нэг хэсэг Тодко Самсон гээч зохиолчоор манайхан амьсгалсан даа. Та түүнийг хэр мэдэх вэ?

-Ер нь зохиолчид нэгнийгээ маш сайн дэмжиж байх хэрэгтэй. Бас нэгнийгээ хайрлах хэрэгтэй. Зохиол бүтээлийг нь учиргүй шүүмжлээд, муулаад байх ч хэрэггүй. Учир нь зохиол бичих зовлонг бид л мэднэ шүү дээ. Тийм амар хялбар ажил биш. Ухаантай хүнийг хүмүүс хүрээлдэг. Тэгэхээр Тодкогийн чансаа ямар вэ гэдэг илт байгаа биз. Бодит зүйлийг зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний хувьд танилууд байлгүй яах вэ дээ. Номын баяраар баярлан уулзана, баяраар мэнд хүргэнэ, зургаа татуулна. Нэгэндээ амжилт хүснэ. Нэг тогооны хүмүүс дотно байх хэрэгтэй. Хамгийн чухал нь бие биеэ ойлгодог байх хэрэгтэй гэж боддог.

-Зохиол бичээд л амьдрах боломж Монголд хэр вэ?

-Өмнө нь тийм боломж байдаггүй гэж боддог байлаа. Зохиолчид ч тэгж ярьдаг байв. Харин одоо бол тийм боломж асар их бий гэж хэлнэ ээ. Учир нь манайд зөвхөн номныхоо орлогоор амьдардаг олон зохиолч бий болж байна шүү дээ. Тэд байр, машинаа цэвэр номныхоо орлогоор авч байна. “Болоо ш дээ”. Гэнэт энэ нэвтрүүлгийг саначихлаа (инээлээ).

-Нэг зохиол дуусгачхаад найз бүсгүйчүүлтэйгээ дарс шимэн, үдшийг өнгөрөөдөг л байлгүй...

-Зохиолоо бичиж дуусгаад, дарс шимж үзээгүй юм байна аа. Дараа нь бүр их ажил ундардаг шүү дээ. Улам завгүй болдог. Тийм романтик зүйл номонд л гардаг байх (дахин инээв). Зохиолчдын ажил үнэндээ маш их. Нэг буянтан нь зохиолыг маань худалдаж авч хэвлүүлээд, маркетинг хийгээд, явдаггүй юм байх даа гэж мөрөөддөг. Би зөвхөн бичээд, тэр хүнтэй гэрээтэй ажиллаад л. Мэдээж дараа нь уншигчид дүн тавьдаг учраас муу ном бичихийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ бол боломжийн санал гэж хардаг. Цаана чинь мөрөөдөх юм асар их байна шүү дээ (инээлээ). Тэгвэл ч үлгэрийн мэт амьдарна даа.

-Та хэр олон найзтай вэ?

-Зарим хүнийг бодвол маш олон найзтай. Би ер нь их нийтэч хүн шиг байгаа юм. Зарим асуултанд чинь хошин янзаар хариулж буйг анзаарч байгаа биз дээ. Найзууд маань намайг юу ч ярьсан нулимсаа гартал хөхрөөд байдаг юм. Нэг тиймэрхүү л төрлийн хүн дээ, би. Ярвагнаад, хүн үргээгээд байдаггүй. Тэгсэн мөртөө асуудалд нухацтай ханддаг. Бас удирдагч маягийн зүйл байна аа, байна.

-Хувийн амьдралыг тань сонирхож болох уу?

-Манайх ам бүл зургуулаа. Нэг нөхөр, дөрвөн хүүхэдтэй. Одоо хоёр нөхөр, хоёр эхнэр энэ тэр гээд хууль яригдаад байгаа биз дээ? Хожим төдөн нөхөр, өдөн эхнэртэй гээд яригдах ч юм билүү. За наргиа шүү. Ийм хууль гарвал би дэмжихгүй ээ. Дээгүүр уйддаг юм уу, яадаг юм. Ямар ч төрийн үед гэр бүлийн үнэ цэнэ, үнэт зүйл салшгүй холбоотой гэдэгтэй хэн ч маргахгүй. Сүүлийн үед нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл газар авч, олон хүн амь насаа алдаж байгааг хараад сууж тэвчилгүй, энэ сэдвийг хөндөж "Хормогчоо тайлж, хорвоотой танилц" номоо бичсэн. Угтаа гэр бүлээ, аж амьдралаа бүрэн бүтэн авч үлдэх тухай бичсэн дээ.

-Та ханьтайгаа хэрхэн танилцсан бэ?

-Бид хоёр их сургуулийн нэг ангид сурч байсан. Төгссөнийхөө дараа нэг удаа санаандгүй таараад. Тэр үеэс л нэг нэгийгээ өөр нүдээр харсан шиг байгаа юм. Тэгээд дараа нь миний номнуудад гардаг шиг хайр дурлалын адал явдлууд өрнөж эхэлсэн дээ (инээв). Би азтай нэгэн. Надад маш сайхан хань, үр хүүхдүүд заяасан шүү.

-Сүүлчийн асуулт. Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-МУБИС-ийн түүх, нийгмийн анги төгссөн багш мэргэжилтэй хүн дээ, би. –

Танд их баярлалаа. Ярилцсан Ш.Эрдэнэтөр

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-10-04 16:08:50

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

louitgergsfgdgvvdeep https://google.com a
louitgergsfgdgvvdeep https://google.com
2021-10-05 06:46:26 - 188.165.241.215
louitgergsfgdgvvdeep https://google.com c
louitgergsfgdgvvdeep https://google.com
2021-10-04 22:31:30 - 188.165.241.215