Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Сайед Моллайн багш дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад

Сайед Моллайн багш дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-07-29 10:22:28

Монгол Улсын иргэн, жүдо бөхийн тамирчин Сайед Моллай Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэв. Дэлхийн аварга энэ эгэлгүй бөхийг Тегераны татамигаас олимпын дэвжээнд хүргэж, алтын дайтай мөнгөн медаль зүүтэл нь өсгөж өндийлгөсөн хүн бол мэдээж түүний багш, дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад юм. Тэрбээр шавийн эрдэм багшаас гэдэг үгийн үнэ цэнийг хүн төрөлхтний сонгодог бөхийн ертөнцөд үлгэрлэн харуулав.

Моллайн туулсан ээдрээтэй, бэрх хэцүү замнал, хүнд хатуу сорилт бүрийг Мансоури эн тэнцүү хуваалцаж, зарим үед илүү их ачаалал, дарамт шахалтыг амсаж байжээ. Эрх баригчдын шахалт шаардлагаар шавь нь ДАШТ-ийг дундаас нь орхиход хамгийн ихээр эмзэглэж, шаналсан хүн нь Мансоури. Тиймээс ч Моллайн шийдвэрийг тэр дэмжиж, ямагт шавийнхаа талд бат найдвартай зогсож байв. Шавь нь эх орондоо эргэж очихгүй байх асар хүнд шийдвэр гаргахад тэрбээр түүнийг хаана ч очсон хамт байж, зорилгынхоо зүгт тэмцэнэ гэдгээ хэлжээ.

Ираны жүдо бөхийн ахлах дасгалжуулагч, Ираны дүлий иргэдийн жүдо бөхийн багийн техникийн менежер, дасгал, физиологийн мастер энэ эрхэмд уг нь эх орондоо ажиллаж, амьдарч, цаашдын карьераа хөөх бүрэн боломж байв. Мансоури тэр бүхнийг орхиод шавийнхаа хамт Герман руу цагаачилжээ. Ираны жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн гэрээ нь 2020 оны Токиогийн олимп хүртэл хүчин төгөлдөр байсан ч тэр эх орондоо буцаж очихгүй байхаар шийдсэн юм. Үүнийгээ ч 2019 оны аравдугаар сард ил тод зарласан байна.  

Тэрбээр “Фарда” радиод өгсөн ярилцлагадаа Израйлийн бөхчүүдтэй барилдахыг хориглосон эрх баригчдынхаа бурангуй хуулийг хурцаар шүүмжилж, Иран дахь энэ тогтолцоо явцгүй бөгөөд хэзээ ч нурж магадгүй гэж шуудхан хэлсэн аж. Мөн тэрбээр дээрх шалтгаанаар Ираны жүдо бөхийн холбоо 2019 оны наймдугаар сард болсон Токиогийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн олон улсын тэмцээнээс хөөгдөхөд хүрээд байсныг анх илчилжээ. Иран улсыг олон улсын жүдо бөхийн тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрээ хүчингүй болгохыг хүссэн Тегераны давж заалдах шатны шүүх хурал Лозанна хотод болоход Мансоури хоёр шавийнхаа хамт гэрчээр оролцож байв. Хоёр шавийнх нь нэг нь Сайед Моллай, нөгөө нь эдүгээ Тажикстанд дасгалжуулагчаар ажиллаж буй, Ираны жүдоч Вахид Сарлак юм. Сарлак мөн л Моллайн адил шалтгаанаар гадаадад цагаачилсан жүдоч. Тэрбээр Израилийн өрсөлдөгчтэй барилдахгүй байхыг тулгасан эрх баригчдынхаа тушаалыг эсэргүүцэн 2009 онд Нидерландад болсон ДАШТ-ий дараа эх орондоо буцаж очихгүй байх сонголтыг хийсэн аж.  

Шавь нь бүхий л хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, амьдралаа зориулсан татами дээрээ өрсөлдөгчдөө бууж өгч, ялагдах ёстой гэсэн шахалт амсан, нулимс дуслуулж байхад багш хүний сэтгэл ямар байх вэ гэдгийг төсөөлөхөд ч хэцүү. Моллай Израилийн бөхчүүдтэй тулалдахаас зайлсхийхийн тулд ганцхан жилийн дотор дөрвөн удаа өвчин “тусаж” байж. Тухайлбал, Абу Дабигийн тэмцээнийг орхих шалтаг болгож эрүүл хөлөө гипсдэж байсан гэнэ. Энэ бүхэнд багш, шавь хоёрын урам хугарч, бухимдаж, залхжээ. Энэ тухай Мансоури дасгалжуулагч "Миний мөрөөдөл бол олимпын наадамд шавиа дасгалжуулах явдал байсаар ирсэн. Токиогийн олимп хаяанд ирээд байна. Тиймээс Германд Сайед Моллайтай бэлтгэл хийж байна” хэмээн хоёр жилийн өмнөх ярилцлагадаа дурджээ.

Энэ ярилцлагаас хойш удалгүй Моллай Монгол Улсын иргэн болсон юм.  Моллай монголчуудын итгэлийг алдаагүй, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль “түүж”, улмаар Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэв. Багш, шавь хоёр  ийнхүү зорилгодоо хүрэв. Монгол Улсын жүдо бөхийн түүхэнд олимпын дөрөв дэх мөнгөн медальтныг төрүүлж, Токиогийн татамигаас тосон авсан энэ хүн бол дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад. Моллайг өлгийдсөн Мансоурид баярлалаа. 

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-07-29 10:22:28

Сэтгэгдэл бичих