Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-16
-9°
-22°
Ням
2021-01-17
-2°
-15°
Даваа
2021-01-18
-3°
-12°
Мягмар
2021-01-19
-2°
-14°
Лхагва
2021-01-20
-2°
-13°
2021 оны 01 сарын 16, Бямба
Халдварын голомт тодорхойгүйн улмаас харьяалал харгалзахгүй шинжилгээ авч байна

Халдварын голомт тодорхойгүйн улмаас харьяалал харгалзахгүй шинжилгээ авч байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-01-04 11:42:23

Шинэ жилийн баярын уур амьсгал хуучраагүй үргэлжилсэн өдрүүдэд албан байгууллагууд эрсдэлээс сэргийлэх үүднээс ажилчдаа PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна. Дэлхийн улс орнуудын халдварын өсөлт бууралтыг тандан судлахад зул сарын баярын өдрөөр огцом нэмэгдсэн дүр зураг ажиглагдлаа. Хүмүүс өвчин зовлонг түр ч гэсэн мартаж баярлаж хөөрсөн сэтгэлдээ автан хорио цээрийн дэглэмээ зөрчсөн нь ийнхүү олон хүнийг эрсдэлд учруулсан бодит жишээ энэ билээ.

Нийслэлийн хэмжээнд коронавирусний халдварыг илрүүлэх, тандах түргэвчилсэн шинжилгээнд энэ сарын 02-ны байдлаар 377,7 мянган хүн хамрагджээ. Өнгөрөгч ням гарагт дүүрэг бүрд нэг, нэг шинжилгээний төв ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэгт 36 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэг Монгол 3 дугаар сургууль, Баянгол дүүрэгт 47 дугаар сургууль, Чингэлтэй дүүрэгт 50 дугаар сургууль, Хан-Уул дүүрэг 18 дугаар сургууль, Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль дээр цэгүүд тус тус ажиллав. Өөрийн харьяалалын дагуу Сүхбаатар дүүрэгт шинжилгээ өгөхөөр өчигдөр 12 цагийн үед очиход уртаас урт дараалал үүсжээ. Очихоосоо өмнө зарим зүйлийг тодруулахаар 119 лавлах руу нь залгахад 9-13 цагийн хооронд шинжилгээ авна гэсэн боловч энэ дарааллыг харахад өдөржин үргэлжилэхээр харагдана. Хоёр есийн хүйтэнд гадаа хорин минут зогсоход л гар хөлийн үзүүр хайрч эхлэв.

Өмнө минь дугаарлаж буй хүмүүс ах дүү, хамаатан саднаараа ирсэн бололтой. “Тавантолгой” ХК гэсэн бичиг бүхий хүрэм өмссөн залуу ажилдаа явахаас өмнө шинжилгээгээ өгөхөөр иржээ. Харин аав нь хөдөөний хаягтай тул авах болов уу яах бол гэж эмээж байгаагаа нуусангүй. Хажуунаас нь “Харьяалалгүй бол авах уу гэж битгий асуугаарай. Чимээгүй л паспортоо өгчих” гэж зөвлөж байв.

Шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд хоёр метрийн зайгаа баримтлан алхам алхмаар ахисаар, араас ч шинээр хүмүүс нэмэгдсээр байв. Даруй 40 минут зогссоны эцэст дотогш нэвтэрлээ. Хамгаалалтын цагаан хувцсаар иж бүрэн тоноглосон эмнэлгийн ажилтан халууныг хэмжээд гадуур хувцсыг нь тайлуулж бариулаад сандал руу заав. Ханаа дагаад өрсөн сандал дээр ээлжлэн суусаар шинжилгээ өгөх өрөө рүү дөхнө.

Мөстөж хөлдсөн амны хаалт маань гэсэж нүүр ам нойтон болжээ. Энэ үед солих амны хаалтаа давхарлаад зүүчихсэнээ санав. Олон хүнтэй, басхүү эрсдэлтэй газар очиж буй тул ийнхүү сэргийлсэн нь энэ. Эмнэлгийн ажилтан орж ирсэн хүн бүрд амны цаас өгч хамар амыг нь арчуулж, цэвэрлүүлж байв.

Иргэний үнэмлэхийг, утасны дугаартай бүртгэж авсны дараа нөгөөх алдарт урт цагаан модоо хамар луу нилээн гүн шургуулаад хэд хэд эргүүлээд авлаа. Нөгөө үзүүр нь чихний нүхээр гарах гэж байна уу гэлтэй эвгүй оргиж нүднээс нулимс гарч байна. Хэдхэн секундэд мэдэрсэн “уртаас урт” мэдрэмж дуусаж “Шинжилгээнд хамрагдсанд баярлалаа” гэсэн бичиг авснаар гол ажил өндөрлөв. Хариу нь 72 цагийн дараа гар утсанд ирэх аж.

Сандлаас сандлын хооронд ахин суух хооронд үйлчилгээний ажилтан үүдний шалны алчуурыг хэдэнтээ солиод амжив. Цэвэрхэн цагаан алчуур хормын төдийд л шавар шавхай болох аж. Цагаан өмсгөлөөр битүү багласан эмнэлгийн ажилчдын угласан шаахайны ул нь цав цагаанаараа байгаа нь ариутгал цэвэрлэгээгээ сайн хийж байгаа юм байна гэж бодогдов. Мөнөөх хөдөөний харьяалалтай иргэнийг ямар ч асуулт байцаалт авалгүй шууд шинжилгээ авч байв.

Зарим цэгүүдэд харьяалалгүй бол авахгүй байна гэсэн яриа иргэдийн дунд гарч байсан бол дээрх цэгт сайн дураар ирсэн бүх иргэнийг авч байлаа. Арын хаалгаар гадагш гарахад дахиад л уртаас урт дараалал үүсчихсэн даарч дагжсан хүмүүс дор дороо хөлөө хавиран зогсоно. “Хариу нь хэзээ гарна гэж байна вэ” гээд тосож ирээд асуух нь бүгд л ажилдаа явахаар, хөдөө зорихоор яарсан тус тусын зорилготойг илтгэнэ. Саяхан л хүүхдийн инээд шуугианд цалгиж, эрдэм номын дуу хадаж байсан сургуулийн танхим цар тахлын үед үзлэг, шинжилгээний байр болчихсон байгаа нь гуниг төрүүлэв.

Сонгуулийн жилүүдэд сонгууль өгөх байр болон ашиглагдаж байсныг нь л мэдэх юм. Хананд нь цэцэг навч, өхөөрдөм амьтдын зураг хөрөг алаглаж буй энэ танхимд хэдхэн сарын өмнө бяцхан үрс үсэрч наадан, инээж хөхрөн байсан бол одоо эмнэлгийн үнэр нэвт шингэсэн огт өөр орчин болжээ. Хэрэв байдал хүндэрч олон мянган хүнд халдвар тархвал ор дэлгэн эмнэлэг болох ч магадлалтай шүү дээ.

Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж цаашид халдвар хяналтаас гарвал гэрээр эмчлэх горимд шилжинэ гэдгээ ч Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэлсэн. 2021 он гарахад коронавирусний халдвар 82 сая хүрч байсан бол энэ сарын 03-ны байдлаар гурван саяар нэмэгджээ. Гуравхан хоногийн дотор сая саяар нэмэгдэж буй цар тахал манай улсад 20, 30-аараа нэмэгдсээр л байна. Түргэвчилсэн оношилгооны бусад цэгүүд өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 4-ний өдрөөс хэвийн ажиллаж эхлэх тул иргэд сайн дураараа шинжилгээгээ өгөхийг зөвлөж байна. Гадуур голомт нь тодорхойгүй халдварууд нэмэгдсээр байгаа энэ үед халдвартай хүн таны хажууд ч  байгааг үгүйсгэхгүй шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-01-04 11:42:23

Сэтгэгдэл бичих