Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 29, Ням
Эмнэлгүүдийн зогсоолыг төлбөргүй болгооч, эрхэм дарга нар аа

Эмнэлгүүдийн зогсоолыг төлбөргүй болгооч, эрхэм дарга нар аа

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-10-01 18:50:04

Б. Нямдорж

Манай нийслэл хотод тулгамдсан асуудлын нэг нь авто замын түгжрэл. Үүнийг иргэн бүр амьдралынхаа өдөр тутам, цаг минут бүхэнд мэдэрдэг билээ. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын удирдлагууд хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж үзсэн байна. Ийнхүү зогсоол байгуулах ажилд ханцуй шамлан орж, улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг барьжээ. 

Гаднах зогсоол эзэнгүй учраас ойр хавийн байгууллага, орон сууцны иргэд дураараа машинаа байрлуулдаг байна. Эмнэлэгт ихэвчлэн өвчтэй, яарч сандарсан хүмүүс ирдэг учраас зогсоол байхгүйгээс хайж явж цаг алдаж, амь нас эрстэх тохиолдол хүртэл гардаг байна. Төв эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдсэн ч хүрэлцээ муугийн дээр төлбөртэй байгаа нь хүндрэл гарч байна. Нэгэн иргэн цахим хуудастаа “Нийслэлийн Өргөө амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ автомашины зогсоол нь бүгд төлбөртэй болжээ. 

Гурван цагаас дээш цаг тутамд 3000 төгрөг авдаг гэнэ. Энэ арай хэтэрнэ өвчтэй, зовлонтой, төрөх гэж байгаа хүмүүсээс хүртэл ямар их мөнгө авдаг юм бэ. Авсан мөнгө нь хааш ордог юм бол, нэмж авто зогсоол байгуулж, замаа засдаг болов уу гэхээр бас л үгүй. Бусад нь яах вэ гэхэд, эмнэлгүүдийн зогсоолыг төлбөргүй болгомоор юм даа” гэж бичихэд хүн бүр санал нийлэн сэтгэгдлээ үлдээжээ. Уг нь жолооч бүр зам ашигласны төлбөр төлдөг. Тэгэхэд яагаад нэмээд зогсоолын төлбөр авдаг юм бэ. Бодит нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар бид улсын томоохон эмнэлгүүдийг зорилоо.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд талбайн газарт замын ус зайлуулах шугам, явган хүний замтай зогсоол болгон шинэчилжээ.Явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал, ногоон байгууламж бүхий энэ талбайн зогсоол нь дугуй цохигчтой, зогсоолын тэмдэглэгээтэй бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалт болох 591 сая төгрөгийн өртгөөр нийслэлийн Өмчит үйлдвэрийн газар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар барьжээ. Нийслэлийн өмчийнх болохоор тус эмнэлэгт үзүүлж буй иргэдээс гадна энэ хавийн бүх байгууллагуудын машин зогсдог юм байна.
Зогсоолын хаалтны дэргэд очиход тасалбар тараагч тасалбар өглөө. Үүдээр ормогц эмнэлгийн ойр орчимд машинууд эгнэн зогсоно.

Хажуугийн самбарт “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 ны арванхоёрдугаар сарын 23-ний өдрийн 437, 2011 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 7/84 дүгээр тогтоол” хэмээн зогсоолын төлбөрийг бичжээ.

“30 минут 500, 31-60 минут 1000, 61-90 минут 1500, 91-120 минут 2000 төгрөг, 121 минутаас хэтрүүлж тээврийн хэрэгслээ тавьсан бол цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ноогдуулна” гэж ээ. Харин дор нь “Анхаар төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэхдээ тасалбар, эсвэл тусгай зориулалтын карт заавал авч, соёлтой үйлчлүүлнэ үү”. Анхаар, төлбөртэй зогсоол автомат саадаар бүрэн тоноглогдсон тул таван км замын хурдны хязгаарыг баримтлан соёлтой үйлчлүүлнэ үү” гэж алхам тутамд баримтлах дүрэм, журмыг бүгдийг нь бичжээ.

Эмнэлэгт үзүүлэх иргэд карт, бусад бичиг баримтаа барин нааш цааш холхино. Зарим нь цаг авч байгаа бол зарим нь үзүүлэх цаг нь болоод эмчийн өрөөг зорино. Энд ихэвчлэн настай хүн харагдах аж. Мэр сэр залуучууд ч үзэгдэж байв. Эмнэлгээр үйлчлүүлэгч Б.Насанхишиг “Зогсоол дүүрсэн болохоор хол зайтай машинаа тавьж, нааш алхаж ирлээ. Төлбөртэй ч гэсэн зогсоол хүрэлцээтэй баймаар байна. Бороо орохоор гудамж тэр чигтээ шавар шавхай. Зогсоол олдоогүй болохоор шавран дунд л тавилаа” гэсэн юм. 

Тэрбээр эмнэлгийн урд зогсоолд тавих гэж хүлээсэн боловч арын машин нь сигналдаад байхаар нь шууд чигээрээ явж, хол газарт машинаа тавьсан нь энэ юм.Энэ үед яаран алхах П.Дашдорж “Зогсоол дүүрчихсэн болохоор 30 минут орчим хүлээж байгаад машин гарахаар нь орлоо. Зарим үед машин хааж зогсоод дуудахаар нь ирж гаргаад, зайнд нь зогсож аргалдаг. Би ихэнхдээ дүүргийн эмнэлэгт үзүүлдэг. Хүн ихтэй болохоор зогсоол өглөө эрт дүүрчихдэг. Мөн л ойр хавийн байрны гадна тавьж ордог. Зогсоолоо нэмээсэй. Тэгвэл төлбөртэй ч гэсэн аргалаад л машинаа тавьчихвал бидний асуудал нэг шийдэгдэнэ” гэж онцоллоо. Ингээд бид гарахдаа баримтаа үзүүлэн зогсоолын төлбөрөө өгөхөд НӨАТ-ын баримт өгсөнгүй. Яагаад өгөхгүй байгааг асуухад “мэдэхгүй ээ дарга нар битгий өг гэсэн” гэв.

Харин дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирлээ. Энд хоёр зогсоолын талбайтай бөгөөд ачаалал багатай үед нэг зогсоолоороо, хүн ихтэй үед хоёр дахь зогсоолоороо оруулдаг байна. Энд зогсоол нь эхний 30 минут үнэгүй, 31 минутаас нэг цаг нь 1000, хоёр цаг нь 2000,24 цаг нь 2000 төгрөг байдаг байна. Уг зогсоолын шалганы байрны цонхон дээр 2020 оны нэгдүгээр сарын 2-ний нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Индра, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах нарын гарын үсэг бүхий “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ наажээ. 

Энд орох, гарах машины хөдөлгөөн тасрахгүй. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчнийг эдгээхийн төлөө ажиллаж буй байгууллага. Энд ирж байгаа царай нь баргар, сэтгэл нь дундуур хүмүүсийг хараад “Ямар шалтгаанаар ирсэн юм бол оо. Бэртэл нь гайгүй л байгаасай” гэж өөрийн эрхгүй бодогдоно. Харин энэ хүмүүсээс зогсоолын төлбөр авч байгаа нь хэцүү санагдлаа. Иргэдийн хувьд яагаад төлбөртэй болсон юм бол оо гэж бодож, гайхсан ч өгөх л ёстой гэсэн сэтгэлээр өгч байх. Энд хоёр тасалбар тараагч ажиллах бөгөөд нэг нь дотор суун машины байрласан цаг минутыг харахад, нөгөө нь тасалбарыг харан мөнгийг нь хураан зохицуулалт хийж байв. Харин дараагийн машин 08:00 цагт орсон болохоор 2000 төгрөг болсон байлаа. 

Гэвч тэрбээр “бэлэн мөнгө байхгүй” гэж хэлээд 1000 төгрөг өгөв. Тасалбар тараагч “Өгөх ёстой мөнгөө өгнө ш дээ. Бид нар цаанаа мэдээлэл бүх юм аа өгдөг” гэсээр гаргав. Мөн л дараагийн машин гарахад баруун хойд талын дугуй нь хагарсан байна. Ойрхон дугуй засвар орж янзлуулаарай” гэж хэллээ. Тасалбар тараахаас гадна энд ирж буй хүмүүсийн байдлыг тольдон, зөвлөхөд нь зөвлөж суудаг хүмүүс гэдэг нь илхэн. Тасалбар тараагч “Манай зогсоолын хураамж хямдхан. Улсын I, II эмнэлэгт очоод ирсэн хүмүүс “Танайх ямар хямдхан юм” гээд гайхаад байдаг. Өнөөдрийн хувьд бол ачаалал бага байна. Ихэнх өдөр бужигнаж байдаг” гэсэн юм. 

Ийнхүү тасалбар тараагчтай ярилцаж, зогсох үед түргэний машин гэрэл, дуун дохиогоо хангинуулан, гялалзуулсаар орж ирэхэд зогсоолын хаалга руу яаран гүйлээ. Гэнэт гэмтсэн хүн амь, аврал эрэн ирж байгаа нь бэлхнээ харагдана. Орох, гарах машины хөдөлгөөн тасрахгүй. Орох машин тасалбараа аваад гарахдаа мөнгөө төлөөд НӨАТ-ын баримтаа аван гарсаар байлаа. Энд ихэнх машин орж, хүн буулгачихаад л гарах. Шаардлагатай л бол мөнгө төлж дээд тал нь 2-3 цаг л зогсдог бололтой. Хөдөөнөөс ирсэн хүмүүс л хонодог юм байна.

НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ 136 АВТОМАШИНЫ ЗОГСООЛТОЙ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн шат дараатай хэрэгжүүлж иржээ.Энэ хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хотын удирдлагууд хүлээн авчээ.

Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд гадна 5294 ам метр талбайд асфальт бетонон хучилт хийж, талбайн гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдэд зориулсан сандал, амралтын сүүдрэвч бүхий тусгай хашлагатай ногоон байгууламж, явган хүний зам, харуулын байр, дугуйн зогсоолоос гадна авто замын хэвтээ болон босоо тэмдэглэгээтэй тусгай зориулалтын дөрөв, мөн энгийн 136 автомашины зогсоол, орц гарцыг шийдэж өгснөөр иргэд үйлчлүүлэх боломжтой болжээ.

Эмнэлгийн зүүн талын орох гарцын зогсоол бороо орсон учраас зам нь дүүрэн ус болсон байлаа. Орж ирсэн машинууд зөөлөн явж байгаа нь харагдана. Төлбөрийн хувьд өмнөх зогсоолуудтай адил. Эмнэлгийн хойно байрлах дарга нараа Прокурорын талын шороон зогсоол нь нэг талдаа эмнэлгийн ажилчдын машиныг нөгөө талдаа гаднын машинуудыг зогсоодог байна. 13:00 цагийн үед зогсоол аль хэдийн дүүрчихжээ. Машинууд орох гэж дугаарлахад тасалбар тараагч эмэгтэй ийшээ ороод хэрэггүй дүүрчихсэн гэж хэллээ.

“ИРГЭДИЙН ЭМ, ТАРИАНЫ МӨНГӨНӨӨС АВЧ БАЙНА”

“Хавдар” судлалын үндэсний төвд ирлээ. Энд хавдар хэмээх амь нас, эрүүл мэнд нь хором хормоор ойртож буй аюулт өвчинтэй тэмцэж буй хүмүүс өдөрт хэдэн зуугаараа үйлчлүүлдэг. Энд ирсэн хүмүүсийн байр байдлыг харахад сэтгэлд хөндүүр. Дотор зогсоолд цөөхөн хүн харагдана. Зогсоолын төлбөр 1-30 мин нь үнэгүй, 31-60 минут 1000, 61-90 минут 1500, 91-120 минут 2000 төгрөг, 121-150 минут 2500, 151-180 минут 3000, 180 минутаас 30 минут тутамд 500 төгрөгөөр нэмэгддэг байна. Мөн жич түргэний машинд саад болох, гарц хааж машин тавьсан тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгоно гэж ээ. 

Ийнхүү дүрэм, журам нөгөө эмнэлгүүдтэй адил хэрэгжинэ. Эмнэлгийн зогсоолд зогсож буй Г.Гансүх “Энд ноднингоос хойш ээжийгээ үзүүлж байна. Зогсоол үнэтэй болсон нь бидэнд хүнд тусдаг. Эм, тариа, хоолныхоо мөнгөнөөс л өгч байна гэсэн үг. Бид уг нь улсдаа татвар төлж л байгаа. Тэгээд эмнэлгийн зогсоол нь хүртэл төлбөртэй болсонд гайхаж байна. Төлбөргүй болчихвол хэрэгтэй л байна” гэсэн юм.
Бусад байгууллагуудын гаднах зогсоолыг төлбөртэй болгож болно. Харин иргэдийн ихээр үйлчлүүлдэг, чухал хэрэгтэй эмнэлгүүдийн зогсоолыг төлбөргүй болгооч ээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

npost.mn 

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-10-01 18:50:04

Сэтгэгдэл бичих