Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 23, Бямба
О.Баатаржав: Хүчирхийлэгчид бага насандаа туулсан хар бараан амьдралынхаа хонзонг тайлах гэж үр хүүхдээ тамлаж, бах таваа хангадаг

О.Баатаржав: Хүчирхийлэгчид бага насандаа туулсан хар бараан амьдралынхаа хонзонг тайлах гэж үр хүүхдээ тамлаж, бах таваа хангадаг

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-09-24 21:12:25

Есөн настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан билээ. Талийгаач охин өмнө нь “Аав архи уугаад байна” гэж цагдаад өөрөө дуудлага өгч байсан удаатай бөгөөд нас барсан өдрөө ээждээ хандан “Эмнэлэг явахгүй бол гэдэс маш хүчтэй өвдөж байна” гээд түргэн тусламж дуудуулсан ч эмнэлэг хүрэлгүй түргэний машинд амьсгал хураажээ.


Уг хэргийн талаар сэтгэл, сэтгэлзүй, сэтгэц судлалын мэргэжлийн байгууллагууд дараах тайлбарыг өглөө.


СЭМҮТ: Нийгмийнороо бусгаа байдал, эдийнзасгийнхямрал зэргээс үүдээд хүмүүс занүйлийнөөрчлөлтөд орж байна


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал, шинжээч О.Баатаржаваас зарим зүйлийг тодрууллаа.


-Эцэг эхчүүд хүүхдээ загначихаад, эсвэл том дуугаар зандарчихаад дараа нь түүндээ шаналж эмзэглээд хийсэн үйлдэлдээ харамсаж, хүүхдээ өрөвдөөд уйлах нь ч бий. гэтэл ямар хүн есөн настай хүүхдийн хавиргануудыг хугартал зодож, эцэст нь амийг нь бүрэлгэдэг байна. ямар хүн хүүхдэд ингэж харгис, хэрцгий ханддаг юм бэ?


-Сүүлийн үед төрх үйлийн эмгэг гэж нэрлээд байгаа. Зан үйлийн эмгэг ч гэж ярьдаг. Тийм эмгэгтэй хүний тоо Монгол Улсад ихэсч байгаа. Энэ эмгэг юунаас болж үүсдэг вэ гэхээр сэтгэцийн анагаах ухаанаар тухайн хүний суурь хүмүүжил, өссөн орчинтой хамаатай асуудал. Өссөн орчин чухал. Жишээ нь, аав ээж нь салж байсан, сэтгэлзүйн тодорхой гэмтэл авч байсан. Эсвэл архины хамааралтай гэр бүлд өссөн, зоддог нүддэг тийм зан төрхийн өөрчлөлттэй төрх үйлийн эмгэгтэй ээж аав, ах дүүтэй байсан ч юм уу. Тиймэрхүү орчин буюу өв тэгш биш гэр бүлд өссөн гэсэн үг л дээ. Тийм орчинд амьдарч байгаа хүн зан үйлийн хувьд хэрцгий догшин төрх үйлтэй болж өсөх тал бий. Ийм орчинд өссөн мөртлөө мансууруулах төрлийн бодис, согтууруулах ундаа хэрэглээд эхэлбэл зан төрх нь бүр ч өөрчлөгддөг.


Хүнд хайрлах, хайрлагдах хэрэгцээ гэж байдаг. Тэр хэрэгцээ нь хангалтгүй орчинд өссөн хүн өс санамтгай, өөрийнхөө дагавар, урд хойд хүүхдийг зодож нүддэг, ялгаварлан гадуурхах байдлаар ханддаг. Тийм хүмүүс иймэрхүү үйлдлийг байнга хийдэг. Тэгж байж бага насандаа өнгөрүүлсэн тэр дурдатгалаа дурсаж, нэг ёсондоо багадаа зовж байсан өс хонзонгоо авч, бах таваа хангаж байна гэсэн үг л дээ. Тэгж хүүхдээ зодож тамлаж хүслээ хангаж байгаа байхгүй юу, хүний нүднээс далд, нууцаар яргалах маягаар. Энэ харамсалтай хэргийг үйлдэгч нь тийм л орчинд өссөн хүүхэд байна шүү дээ. Түүнээс биш өв тэгш гэр бүлд өссөн, хүнийг өрөвдөж хайрладаг сэтгэлтэй хүн аль л урдах хойдох, хүний өөрийн ч бай өчнөөн л хүүхдийг өсгөөд явж л байдаг шүү дээ. Бүр өргөж аваад өсгөөд явж байдаг. Тэгэхээр хувь хүн талаас нь энэ хэрэг гарахад нөлөөлсөн байх аа гэж бодож байна.


-Энэ хэргийг ингэж ултай тайлбарлаж байгаа хүн алга. “Аавыг нь ал, ээжийг нь дүүжил” л гэцгээж байна?


-Тийм юм байхгүй. Сүүлийн үеийн нийгмийн ороо бусгаа байдал, эдийн засгийн хямрал зэргээс болоод хүмүүс зан үйлийн өөрчлөлтөд орж байна. Ийм эмгэгтэй хүмүүс сүүлийн үед эрс ихсээд байна.


-Та сая эдийн засаг гэж дурдлаа. Ядуурлаас болоод ийм хэрэг гараад байна гэцгээх юм. гэтэл монголчууд социализмын үед илүү дутуу юмгүй, бүгд л ижил шахуу хувцас өмсөж, хувийн машин тэрэгтэй хүн ховор, нэг ёсондоо бүгдээрээ л жигд ядуу байсан. гэтэл одоо хотын захын гэр хорооллын айл хүүхэд болгоныхоо тоогоор сар болгон 100 мянган төгрөг авч, өглөөдөө өндөг талх идэж, ихэнх айл “Приус” унаж байгаа. ийм байхад ядуу гэж хэлэмгүй л дээ. Тэгэхээр ядуугаасаа болоод ийм хэрэг хийгээд байна гэхээр эргэлзээтэй л юм?


-Тийм шүү дээ. Би өөрөө шинжээч.Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээч хүн л дээ. Миний хувьд гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд орчихсон хүүхдүүд, хүн амины хэрэг гээд ноцтой хэргүүд дээр дүгнэлт гаргадаг юм. Энэ бүгдээс ажиглаад байхад голдуу л дээр миний ярьсан тийм зан үйлтэй хүмүүс л ийм төрлийн хэрэг үйлдээд байна. Түүнээс биш өв тэгш гэр бүлд өссөн хүн хийхгүй л дээ. Зүгээр санаандгүй, болгоомжгүйгээсээ хэрэг хийхээс биш ингэж зориуд, санаатай, олон дахин, удаанаар гэмт хэрэг хийдэггүй.


ССҮТ: ЕСӨН НАСТАЙ ОХИН АМИА АЛДСАН ХЭРЭГ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН ХАНДДАГИЙН ТУСГАЛ


Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Нийгмийг цочроосон энэ хэргийг хүмүүс хоёр талтай тайлбарлаад байна. нэг хэсэг нь нийгмийг буруутгаж байгаа бол нөгөө хэсэг нь хүчирхийлэгчийг буруутгаж байна. Харин та энэ бүхнийг сэтгэл судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?


-Сонсоод маш их харамслаа. Болсон үйл явдал бол Монгол Улсын хүүхдэдээ ханддаг хандлагын тусгал боллоо. Ийм үйл явдал болонгуут долоо юм уу, арав хоног нийгмээрээ донслоод өнгөрдөг. Гэтэл миний дэргэд байгаа, миний өөрийн хүүхэд ямар байна вэ, би өөрөө гэр бүлдээ, хүүхдэдээ хэр зэрэг анхааралтай, халамжтай, хүчирхийлэлгүй тайван орчин бүрдүүлж байна вэ. Хоёрдугаарт, миний эргэн тойронд байдаг хүмүүсийн хүүхдүүдэд би хэр зэрэг анхаарал тавьдаг вэ гэдэг хоёр зүйлийг илүү сайн бодох ёстой гэдгийг сануулаад байна л даа. Бусдыг буруутгах байдал дээрээ өөрийгөө харахаа больчихсон, өөрөө цэв цэвэрхэн, нийгэм нь маш бохир заваан байгаад л.


Харамсалтайгаар амиа алдсан тэр хүүхдийн гэр бүл рүү хамгийн муу муухай үгнүүдээ чулуудаж байна шүү дээ. Энэ нь бидний харах хараа, сэтгэлзүйн байдлыг бүр хаачихаад байна л даа. Магадгүй хүүхдээ сургуульд нь хүргэчихээд ирж байгаа хүмүүсийн хэд нь уур бухимдалтай байна вэ. Хүүхдээ сургуулиас нь аваад харьж байгаа хүмүүсийн хичнээн нь ууртай байна вэ. Замын түгжрэлд уурлаж, бухимдаж байгаа хүмүүс гэртээ очоод тэр уур бухимдлаа яаж гаргаж байна вэ гэдэг чинь бидний суурь асуудал болчихож байгаа байхгүй юу. Гол нь үүн дээр л их эмзэглэж байна. Бусдаас илүү өөрийгөө харж, эргээд бусдадаа санаа тавих тэр байдлыг л эрэлхийлж байна.


-Гэр бүлд нь хүчирхийлэгч байсаар байхад түүнийг илчилдэггүй нь ямар учиртай юм бэ. сэтгэлзүйн шинжлэх ухаан талаас үүнийг хэрхэн тайлбарладаг вэ?


-Болсон явдлыг бүрэн тогтоочихоогүй байхад үүн дээр тайлбар өгч болохгүй байна л даа. Нөхрөө өмөөрсөн юм уу, өмөөрөөгүй юм уу гэдгийг цагдаа шалгаж, шүүх эмнэлгээр орж байж тогтоогдоно. Нийтлэг утгаараа олон шалтгаан байна. Тэр эмэгтэй магадгүй “Дахиад би өрх толгойлчих вий” гэдэг айдастай байсан байж болно.. Тэр ээжийн хувьд олон шалтгаан, хүндэтгэж үзэх олон л юм байгаа шүү дээ. Би тэр ээжийг буруутгамааргүй байна.


-Ядуурал, ажилгүйдлээс болоод ийм хэрэг гарчихлаа гэцгээж байна. Гэтэл монголчууд ядуу дорой, дэлхийгээс хөгжлөөрөө хоцорчихсон байсан үедээ ч арай ийм гэмт хэрэг хийдэггүй байсан шүү дээ?


-Энэ чинь оюун санааны доройтол шүү дээ. Хүчирхийллийг үйлдээд байгаа хүмүүст хэрэг үйлдээд байгаа нэг шалтгаан байна аа даа. Хүүхдийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүний тэр үйлдлээ хийгээд байгаа шалтгаан гэдэг чинь дахиад том сэдэв байхгүй юу. Нийгмийн сэтгэлзүйд ямар асуудал байгаа учраас тэр хүн тэр үйлдлийг хийгээд байна вэ. Тэр хүний хүмүүжил, боловсрол, ёс зүй, тухайн хүнийг тойрон хүрээлж байдаг хүмүүсийн дэмжлэг, шийтгэл гэдэг зүйлс маш чухал. Ер нь хүнээс хэр зэрэг үг дуулж байсан юм, сонсож байсан юм. Тэр хүн хэр зэрэг урамшуулал, дэмжлэг авч магтуулж байсан юм. Нөгөө талдаа тэр хүн хийсэн муу, буруу үйлдэлдээ бусдаас хэр зэрэг шийтгэл хүлээж, загнуулж байсан юм.


Энэ болгон чинь тэр хүчирхийлэл үйлдээд байгаа хүний зан төрхөнд нөлөөлөөд байгаа хүчин зүйл байхгүй юу. Тэгэхээр тэрнийг нь маш сайн алга болгож байж, одооны нөхцөлийг нь алга болгоно шүү дээ. Хүчирхийлэл үйлдсэн хүн болгоныг ялла, цаазал гээд байдаг. Тэр чинь шийдэл биш. Тэр нөхцөлийг гаргаад байгаа хүмүүжил дээрээ бид алдаад байна уу. Эрэгтэй хүүхдээ хүмүүжүүлэх процесс дээр ээж нь алдаад байна уу, аав нь алдаад байна уу, сургууль нь алдаад байна уу. Тэр хүн сургуулиас завсардсан уу, тэр хүнд ажил байдаггүй юм уу, тэр хүн хэр зэрэг сэтгэл гутралтай байсан юм бэ гэдэг чинь бидний судлах ёстой, суурь гол асуудал.


-Талийгаач охины хавирганууд бороолсон байсан гэхээр урьд өмнө нь байнгын зодуурт байсан гэсэн үг. хүүхдийг ингэж зодно гэдэг чинь хүнийг хайрлах сэтгэл, нинжин сэтгэлгүйг нь илтгэж байгаа хэрэг биз. нинжин сэтгэлгүй байна гэдэг чинь юутай холбоотой вэ?


-Хүүхдийн биед гар хүрнэ гэдэг бол ерөөсөө байж болохгүй үйлдэл л дээ. Байж болохгүй зүйл гэдгийг тэр хүн мэдэхгүй байна гэсэн үг байхгүй юу. Тэрийг ойлгохгүй байна. Хүүхдийг зодож, цохих нь хэвийн үзэгдэл гэж тэр хүн ойлгоод байна.


-Хүүхдийг зодох нь хүмүүжлийн нэг арга гэж ойлгоод байсан байж болох юм?


-Тийм. Хүүхдийг зодох нь шийтгэж байгаа нэг арга гэж боддог. Энэ чинь ерөөсөө шийтгэл биш. Харин бие махбодийн хүчирхийлэл. Гэтэл энэ бол нэг л кейсээр нийгэмд гарч байна. Гэтэл хичнээн хүн хүүхдээ зодож байна вэ, гэрийн даалгавраа хийхгүй байна, гэрээ цэвэрлэсэнгүй гээд хэдэн хүн хүүхдээ зодож байгааг бид тоолж чадахгүй шүү дээ. Аав ээжүүд эхний удаад хүүхдээ зодоод “Ингэж болох юм байна” гэж бодно. Дараагийн удаад “Зодож болох юм байна, надад ямар ч хүн үг хэлэхгүй байна” гэдэг. Хажууд байгаа хүмүүс нь “Хүүхдээ битгий зод. Ингэж болохгүй. Яагаад ингэж байгаа юм, яагаад хүүхдэд гар хүрч байгаа юм” гэх ёстой. Энэ бол байж болшгүй, тэвчишгүй зүйл гэдгийг тэр хүнд ойлгуулахгүй, хэлэхгүй байгаа байхгүй юу.


-Энэ чинь л зодуур нь олон давтагдах шалтгаан нь болоод байгаа юм байна?


-Тэр хүнд хэлэх ёстой байсан. Чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ, ингэж огт болохгүй шүү дээ гэж. Хүн яагаад гудамжинд шүлсээ хаяад байдаг юм бэ гэхээр, намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэдэгтэй холбоотой. Надад хэн ч юу ч хэлэхгүй байгаа юм чинь гудамжинд шүлсээ хаяж болно ш дээ гэж байгаа юм. Тэр хүнийг гудамжинд шүлсээ хаяхад нь 2-3 удаа “Хүүе, чи чинь яасан бохир юм бэ. Яагаад шүлсээ хаяж байгаа юм бэ” гээд сануулаад хэлчихэд л “Аан, нээрэн хүмүүс хэлээд байдаг ш дээ” гээд шүлсээ хаяхаа больдог тийм мэдрэмжийг хүн авдаг. Хийсэн буруу зүйлийнхээ төлөө шийтгэл авах ёстой. Шийтгэл гэдгийг ял шийтгэл, шорон гэж ойлгоод байдаг. Гэтэл аман байдлаар зөндөө шийтгэл байдаг. Хүнд сануулж болно, хэлж болж байна, асууж болно.

-Хүчирхийлэгчид бол бидний л нэг хэсэг. Биднээс огт өөр хүмүүс биш. хүчирхийлэгчийг цаазалснаар асуудлыг шийдэхгүй болов уу?

-Энэ гараад байгаа хэргүүд бол бидний тарьж ургуулсан зэрлэг ургамал. Хөрсөнд маань зэрлэг ургах боломж байгаад байна. Бид нэг зэрлэг гараад ирэнгүүт “Энэ муу зэрлэг, ямар муухай юм бэ. Тайраад хаячихвал болох гээд байна” гэдэг. Гэтэл тийм зэрлэг ургах хөрс нь хангалттай байгаа учраас дахиад хичнээн ч зэрлэгийг зулгааж, үндсээр нь сугаллаа ч үр нь тэр хөрсөн доороо боловсроод л байна. Тэр хөрсийг л цэвэрлэх ёстой байхгүй юу. Нөхцөл буюу гэмт хэрэг гаргаад байгаа тэр ганц, хоёр зэрлэг ургамалтай тэмцэх биш ээ. Тэр хашаан дотор байгаа хөрс шороо буюу шалтгаантай нь бид тэмцэх ёстой.


МССХҮХ: ОХИНЫ ЭЭЖИЙГ ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ХЭНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ ГЭДГЭЭ ХАР


Монголын Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа.



-Есөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нас барлаа. нийгмийг цочроосон энэ хэргийг танай хүрээлэн хэрхэн харж байна вэ?


-Нэгдүгээрт, хүнээ буруутгаад байна. Хоёрдугаарт, хэрэг гарсны дараа хэсэг ярьж байгаад л чимээгүй болчихдог. Хүүхдийн хүчирхийллийн асуудал жил бүр, улирал тутам, хагас жил болгон давтагдаж яригдаж байна. “Үүн дээр цаашид яах вэ”, “Ямар арга хэмжээ авах вэ” гэдэг асуудал цэг тавигдаад л өнгөрч байна. Нэг хэсэг сенсаци болж шуураад өнгөрдөг. Энэ асуудлыг ул суурьтай судалж шинжлээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авмаар байна. Фэйсбүүк дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг том группт манай хүрээлэн хоёр жилийн өмнө санал тавьж байсан юм. Тэгэхэд хүмүүс их муухай пост, сэтгэгдэл бичиж байсан. Яагаад өнөөдөр хүчирхийлэгчид энэ нийгэмд олноор төрөөд байгаа юм бэ. Энэ хүмүүс аяндаа, өөрөө бий болоогүй. Цаанаа гэр бүлийн суурь хүмүүжлийн асуудалтай учраас хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрөөд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг, хүчирхийлэлд өртөөд байгаа хүүхэд, хүмүүсийг судлахгүй бол ирээдүйд бас л хүчирхийллийн асуудал байсаар л байх болно. Энэ асуудал дахин дахин давтагдаж, эргэлтэд орно. Тэгэхээр суурь асуудал, суурь хүмүүжил рүү нь оруулмааргүй байна.


Манай хүрээлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, БЗД-ийн ИТХ, хүүхдийн эрхийн чиглэлийн суурь судалгааны төвүүдтэй хамтраад гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд дээр судалгаа хийсэн юм. Тэднийг судлаад үзэхээр хаанаа асуудалтай байна вэ гэхээр гэр бүлдээ. Эцэг эх нь анхаарал халамж муу, хүчирхийлэл дунд амьдардаг хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэрэгт өртдөг. Ийм бүлэг хүмүүс дээрээ судалгаа хийж, засан залруулж, бусдыг хайрлах сэтгэлийг нийгмээсээ олохгүй бол энэ хүмүүс эргээд гэр бүлдээ өөрийнхөө зан араншин, суурь хүмүүжлийг гаргаж ирнэ. Суурийг нь судлахгүйгээр сенсаци болгосноо дараа нь орхидгоо болимоор байна.


-Хөршүүд нь тухайн айлд юу болдгийг гадарладаг байсан юм билээ. бас хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байжээ. охиныг амиа алдахаас урьдчилан сэргийлэх боломж байжээ гэж хараад байна?


-Хөршийн холбоо бий болгоё. Хүчирхийлэлд өртсөн хүнийг хажуух айл, сургууль нь, багш нь мэдээлдэг болъё. Үүн дээр нийгмийн ажилтнууд, хөрш нь анхаардаг болъё. Хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүс өөрсдөө мэдээлэлтэй, мэдлэгтэй баймаар байна. Хүчирхийлэгчийнхээ гарт өртөөд тэмцэх чадваргүй болсон хүмүүс зугтаадаг, эсвэл сэтгэцийн эмгэгт өртдөг, эсвэл амь насаараа хохирдог. Ийм байдалд орох хүртлээ явдаг. Яг үнэндээ тэр есөн настай хүүхдийн ээж нь өөрөө нөхрийнхөө нөлөөнд орж байсан гэсэн үг. Тэгэхээр тэр ээж хөөрхий хүчирхийлэлд өртсөөр, хүүхдээ хүчирхийлүүлэхийг зөвшөөрдөг болчихсон, өөрөө ч хүчирхийлүүлэхээ зөвшөөрдөг болчихсон байхгүй юу. Хүчирхийлэлд автамхай ийм бүсгүйчүүдэд өөрийнхөө төлөө тэмцэх талаар нь тухайн хорооны ажилтнууд, нийгмийн ажилтнууд зөвлөж, сэтгэцээ эрүүл байлгах, эрүүл харилцаатай гэр бүл үүсгэх талаар мэдлэг боловсрол олгох хэрэгтэй байна.


Одоо ингээд сенсацилдаг байдлаа болимоор байна. Төрийн оролцоо шаардлагатай гээд байгаа. Тэгвэл яг үүн дээр төр оролцох ёстой байхгүй юу. Суурийг нь, хүчирхийлэгч төрөөд байгаа эрсдэлтэй гэр бүлүүдийг судал. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн суурь нь өөрсдөө хүчирхийлүүлж ирсэнд байгаа юм. Энэ хүмүүсийг судалж, ул суурьтай арга хэмжээ авахгүй бол энэ хэлхээ, эргэлт хэзээ ч салахгүй нь ээ.


-Энэ хэрэгтэй холбоотойгоор эмэгтэйчүүд рүү хандсан зүйлс ярьцгааж байна. Хоёр дахь амьдрал бүү сонго, хүнээ сайн судал, яаран битгий хүнтэй суу, хүүхдэдээ хойд эцгийн гар битгий харуул... гэх мэтээр?


-Тэр ээжийг буруутгаад байна л даа. Ээжийг нь яагаад нийгэм буруутгаад байгаа юм бэ. Буруутгаад байгаа хүмүүс “Би хэнийг хүмүүжүүлээд байгаа юм бэ” гэдгээ өөрсдөөсөө эхлээд асуу. Та үнэхээр хүүхдээ ирээдүйд бусдыг хайрлах хамгаалах, сайн эцэг, эх болох хүнийг бий болгож байна уу. Номыг хавтсаар нь биш, доторх агуулгаар нь шүүгээрэй гэдэгтэй адилхан. Тэр бүсгүй яагаад тэр хүнийг сонгочихов гэхээр хүчирхийлэгч хүмүүс паранойд, нарсистик бие хүний зан төлөвийн эмгэгтэй хүмүүс байдаг.


-Тэр нь яадаг эмгэг вэ?


-Нарсистик, паранойд бол бие хүний зан төлөвийн эмгэг байхгүй юу. Ерөнхийдөө суурь хүмүүжил нь, эсвэл хатуу ширүүн хүмүүс байдаг. Гэхдээ ийм төрлийн хүмүүс хүнийг яаж аргадаж, энхрийлэхээ сайн мэдэж, бусдыг арга мэхэндээ амархан оруулдаг. Ийм аргаар итгэлийг нь хүлээгээд гэр бүлийнх нь нэг гишүүн болчихдог юм. Ийм болохоор хүнийг буруутгахаасаа өмнө эхлээд та нар өөрсдийгөө шинж. Өөрсдөө та нар ирээдүйд үнэхээр сайн эцэг, эх болох үр хүүхэд хүмүүжүүлж байна уу, та нарын хүүхдүүд ирээдүйд үр хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрч чадах сайн эцэг, эх болж чадах нь уу. Эхлээд өөрсдийгөө харчихаад дараа нь хүмүүсийг шүүмжил. Өөрийнхөө төлөө тэмцдэг сайн үр хүүхэд төрүүлчихээд бусдыг шүүмжил. Тэр хүмүүс, тэр гэр бүл ямар ч орчинд өссөн байж болно шүү дээ.



Д.Гансаруул 

Эх сурвалж: Өдрийн сонин 

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-09-24 21:12:25

Сэтгэгдэл бичих